Цаг үеийн мэдээ

Итали болон Иран улсуудад сүүлийн 2 хоногийн хугацаанд коронавирусийн халдварын тохиолдлууд 2 дахин нэмэгдэж, нийлээд 900 орчим болжээ. Тухайлбал Италид 17 хүн, Иранд 26 хүн нас бараад байна. Хятадаас гаднах хамгийн том тархалтын цэг болоод буй Өмнөд Солонгост нэг өдрийн дотор 256 тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт 2020 давжээ. БНСУ-д 13 хүн коронавирусийн улмаас нас бараад байна. Өвчний тархалтын эх үүсвэр болсон Шинчёонжи шашны урсгалын сүмийн 200,000 гаруй гишүүдийг оношилгоонд оруулж, шалгахаар албаны хүмүүс төлөвлөж байна.

Япон улс хамгийн багадаа сарын хугацаанд сургууль цэцэрлэгүүдийн хааж, үйл ажиллагааг нь зогсоолоо. Иран улс томоохон хотууддаа баасан гарагийн мөргөлийг цуцалж, шашны үйл ажиллагаануудыг тодорхой хэмжээнд хязгаарлалтанд оруулахаар боллоо. Иран улсад тархаад буй COVID-19 вирус хөрш Кувейтед ч халдварлаж, Кувейтэд өнөөдрийн байдлаар 43 халдварын баталгаажсан тохиолдол бүртгэгджээ. Исламын Бүгд Найрамдах Иран улс нь шашны хатуу дэглэмтэй учраас коронавирусийн тархалтын талаар илүү бодит, ноцтой мэдээллийг аль болох дарж, олон улсаас нууцалж байна гэх хардлагыг барууны орнууд дэвшүүлж байна. Ираны засгийн газрын хамгийн өндөр албан тушаалтай эмэгтэй болох эмэгтэйчүүдийн эрх, асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Масуме Ибтикар, парламентын 2 гишүүн, эрүүл мэндийн дэд сайд гэсэн төрийн томчууд коронавирус туссан нь мөн батлагдаад байна.

Коронавирусийн тархалт анх эхэлсэн Хятад улсын хувьд сүүлийн хэдэн өдөр шинээр бүртгэгдэж буй тохиолдлын тоо буурч байгаа хандлага тогтмол ажиглагдаж байна. Баасан гарагт Хятадад нас барсан хүний тоо 44-өөр нэмэгдсэн нь өвчний ид тархалтын үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Гэхдээ өдөр бүрээр гаргадаг тоо статистикт хэтэрхий их ач холбогдол өгөх нь оновчтой биш байж мэдэхийг албаны хүмүүс хэлж байна. Дэлхийн хэмжээнд 49 улс оронд коронавирусийн улмаас 2788 хүн нас барж, баталгаажсан халдварын тохиолдол 78,825 хүрчээ.

Д.Жаргалсайхан

Таны сурталчилгаа