Шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ийн аюул "Хамгийн эрсдэлтэй түвшинд хүрлээ" хэмээн ДЭМБ мэдэгджээ. Дэлхийн таван тивийн 57 улс орны хүн амыг хамран энэ аймшигт өвчин тархаад байна. "Энэ өвчин аль ч чиглэлд тархахад бэлэн байна. Бид эрсдэлийг дутуу үнэлж болохгүй. Тиймээс бид дэлхий дахинд эрсдэл маш өндөр байна хэмээн зарлаж байна. Бид Covid-19 вирусийн аюулын эрсдэлийн түвшнийг өндөр хэмээн үнэлж байснаа ийнхүү маш өндөр болгон шинэчилж байна" хэмээн ДЭМБ-ын дарга Тедрос Адханом Гебрейюсус хоёрдугаар сарын 28-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
Өдгөө дэлхийд халдвар авсан нийт 84 мянга 611 хүн бүртгэгдсэнээс нас барсан 2923, эдгэсэн 39 мянга 448 хүн байгаа билээ. Иймд өнөөгийн байдлаар халдвартай хүн 42 мянга 240 байгаагийн 19 хувь буюу 7816 хүний биеийн байдал хүнд байна. Мөн харьцуулж үзвэл эдгэсэн хүний тоо нас барсан хүний тооноос 86 хувиар илүү байгаа билээ.
Халдварын болон нас баралтын шинэ тохиолдлуудыг бүсчлэн үзвэл БНХАУ-д нийт 79 мянга 252 халдвар бүртгэгдсэнээс шинээр нэмэгдсэн нь 428, нас барсан нийт 2835 хүний 47 нь шинээр бүртгэгдсэн бөгөөд 39 мянга 20 хүн эдгэсэн байна. Ийнхүү БНХАУ-д халдвартай хүний тоо 37 мянга 397 байгаагаас 7664 хүний биеийн байдал хүнд байна.
Харин БНСУ-д халдварын тархалт Хятадынхаас илүү гарсан байна. Тухайлбал шинээр 571 хүн шинэ коронавирусээр өвчилсөн нь тогтоогдсоноор нийт халдвар авагсдын тоо 2337 болжээ. Тэдэн дундаас шинээр гэрвэн хүн нас барж, нийт нас барагсдын тоо 16 болсон бөгөөд 24 хүн эдгэсэн байна. Иймд БНСУ-д халдвартай хүний тоо одоогоор 2297 байгаагаас долоон хүний бие муу байна.
Мөн Италид шинэ вирусээр өвчилсөн хүний тоо 234-өөр нэмэгдэн 889 болжээ. Харин нас барсан хүний тоо дөрвөөр нэмэгдэн нийт 21 болсон байна. Нийт 24 хүн эдгэсэн тул халдвартай хүний тоо 822 байгаагаас 64 хүний бие ноцтой байдалд байгаа аж.
Иранд 143 хүн шинээр халдвар авч нийт халдварлагсдын тоо 388-д хүрсэн гэнэ. Мөн найман хүн нас барснаар шинэ вирусээр нас барсан иранчуудын тоо 34-өөр тоологдож байна. Эмнэлгээс 73 хүн гарсан тул одоогийн байдлаар халдвартай хүн Иранд 281 буй хэмээн үзэж болох юм.
Япон улсын хувьд шинэ тохиолдол 20, нийт халдвар авсан нь 234. Шинээр нас барсан нэг хүн, нийт нас барсан 5 хүн. Эдгэсэн 73 хүн, халдвартай 197 хүнээс биеийн байдал хүнд 20 хүн байна.
Вьетнам(16), Филиппин(3), Энэтхэг(3), Орос(2), Белги(1), Камбож (1), Египет(1), Непал(1), Шри-Ланк(1) гэх улсууд халдвар авсан бүх өвчтөнөө эмчилж, шинээр халдвар аваагүй хэмээн бүртгэгдсэн байна.