БНСУ-ын Дэгү хотын сүмийн гишүүдээс коронавирусний шинжилгээ авч байгаатай холбоотойгоор уг вирусээр халдварласан хүмүүсийн тоо олноор нэмэгдэж болзошгүй байна.
БНСУ-д бямба гарагт 813 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 3150 хүрчээ. Тус улсад нэг өдөрт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй нь энэ бөгөөд бямба гарагийн өглөө халдвар авсан хүний тоо 2931 байсан юм. Үүнээс гадна коронавирусний шинжилгээний хариу нь пүрэв гарагт эерэг гарсан 77 настай эрэгтэй өнөө өглөө нас барснаар уг халдварын улмаас нас барсан хүний тоо 17 болжээ.
Мөн БНСУ-д коронавирусээр дахин халдварласан анхны тохиолдол бүртгэгдэж, тусгаарлалтаас гарсан 73 настай эмэгтэйн шинжилгээний хариу дахин эерэг гарчээ. БНСУ-д коронавирусний халдварын анхны тохиолдол өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд бүртгэгдсэн бөгөөд Хятадын Ухань хотоос ирсэн хятад эмэгтэйгээс уг вирус илэрсэн байна.
Өнөөдөр бүртгэгдсэн 813 шинэ тохиолдлын 657 нь Дэгү хотод, 79 нь Умард Гёнсан мужид бүртгэгджээ. Дэгү хотын сүмийн 210 мянга гаруй гишүүнээс коронавирусний шинжилгээ авч эхэлсэн бөгөөд 171 мянга гаруй хүнээс биеийн байдлыг нь лавлаж, халдварын шинж тэмдэг илэрсэн 3381 хүнээс сорьц цуглуулаад байгаа ажээ.