Иранд шинэ коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдөрт 385-аар нэмэгдэж 982 болсон талаар тус улсын Эрүүл мэндийн яам ням гарагт мэдээлжээ. Мөн уг халдварын улмаас нас барсан хүний тоо 54 хүрчээ.
Ираны төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр, коронавирусээр халдварласан тохиолдлууд нийт 31 мужийн 27-д бүртгэгджээ. Үүнээс Техран мужид хамгийн олон буюу 350 тохиолдол илэрсэн байна.
Ираны Засгийн газар халдварын тархалтыг хязгаарлахын тулд баасан гарагт болох шашны цуглааныг цуцлахыг үүрэг болгосон юм. Мөн Эрүүл мэндийн сайд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг иргэддээ хандан уриалжээ.