Цаг үеийн мэдээ

Залуу Монгол улсын хувьд нэн тэргүүний тулгамдаж буй асуудлын нэг нь ажилгүйдэл юм. Он гарсаар эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 34,7 мянган иргэн ажилгүй хэмээн шинээр бүртгүүлжээ. Эдгээрийн 30 орчим хувийг сургуулиа төгсөөд ямар нэгэн байдлаар ажил хайж байгаа иргэд эзэлж байгааг статистикийн газраас хэлж байна.

            Харамсалтай нь улсын хэмжээнд бүртгэлтэй нийт ажилгүй иргэдийн 50 орчим хувийг 15-35 насныхан эзэлж байгаа юм.  Ажилгүйдлийн шалтгааныг авч үзвэл их дээд сургууль төгсөгчид ажил шилж голох, шинэ ажлын байр заавал  диплом шаарддаг шалтгаанаар зах зээлд ховор мэргэжил эзэмших зэргээр ихэд алддаг байна.  Гэтэл өнөө цагт дипломтой мэргэжилтнээс, мэргэшсэн ажилтан улс нийгэмд илүү хэрэгтэй болоод байгаа юм.   

            Тэгвэл Монгол улсын хэмжээнд мэргэжлийн болон техникийн боловсролын түвшинд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус өмчийн 84 Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв, Политехник коллежид 4600 гаран багш, ажиллагсад ажиллаж байгаагаас 2470 багш, 38,5 мянган оюутан, суралцагч 16 салбарын 200 гаруй мэргэжлээр суралцдаг аж.

             Мэргэжлийн боловсрол сургалтын төв болон Политехник коллеж төгсөж байгаа суралцагчдын 72,3 хувь нь төгсөнгүүтээ шууд ажлын байранд очиж, дараагийн шатны сургалтад хамрагддаг гэсэн судалгаа байдаг байна.

            Мөн коллежид суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож, шаардагдах 41.0 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган хэрэгжүүлж байгаа бөгөөд тэтгэлгийн хэмжээг ирэх оноос дахин нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа гэнэ.           Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийн техник мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах, багшийн нэр хүнд, ёс зүй, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэн, хөдөлмөрийг бодитой үнэлэх тогтолцоог бүрдүүлэх үүднээс “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ.  

Таны сурталчилгаа