Цаг үеийн мэдээ

-М.Ласицкене дэлхийн гурван удаагийн аварга болсон анхны өндөрт харайгч-

Катарын Доха хотноо үргэлжилж буй хөнгөн атлетикийн дөрөв дэх өдөр (09.30.2019) зургаан зай төрөлд медалийн эзэд тодорлоо. Дашрамд сонирхуулахад “Доха-2019” ДАШТ-ий хувийн төрөлд алт, мөнгө,хүрэл медаль хүртсэн тамирчдад 60 000, 30 000, 20 000 ам.доллар, буухиад медальт байрт шалгарсан багуудад 80 000, 40 000, 20 000 ам.долларны мөнгөн шагнал олгож байгаа. Мөн Дэлхийн рекордыг шинэчилбэл уламжлал ёсоор 100 000 ам.долларын шагнал олгодог билээ.

Өндрийн харайлт(эм): Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн өндрийн харайлтад хаанчилж байгаа, дэлхийн хошой аварга ОХУ-ын Мария Ласицкене 2,04 м өндрийг харайж, алтан медаль хүртсэнээр дэлхийн гурван удаагийн аварга анхны өндрийн харайгч(эр, эм аль алинд) боллоо. Түүнтэй адилхан 2,04 м өндрийг харайсан ч оролдлогийн тоогоор мөнгөн медаль авсан Украины 18 настай охин Магучих Дэлхийн өсвөр үеийн рекорд амжилтын эзэн хэмээн бүртгэгдлээ.

3000 м-ийн саадтай гүйлт(эм):
2017 оны дэлхийн аварга, Риогийн олимпийн хүрэл медальт АНУ-ын Эмма Коберн, энэ зайд Дэлхийн рекорд амжилтыг эзэмшигч Кенийн Беатрис Чепкоеч нарын хооронд гол өрсөлдөөн өрнөсөн. Амнах дэлхийн аваргаар энэ хоёр уралдааныг манлайлж явсан ч Кени бүсгүй саадыг анзааралгүй хажуугаар нь өнгөрч, улмаар эргэж буцан саадыг давж замдаа орсоор байгаад түрүүлэх, бүүр байг гэхэд медаль авах боломжоо өөрийн хайхрамжгүй байдлаас хийсгэж байсан билээ. Харин энэ удаа Чепкоеч ямар ч алдаа гаргалгүй гүйсээр дэлхийн аварга цолыг анх удаагаа хүртлээ.

400 м-ийн халхалттай гүйлт: (эр)
Дэлхийн аварга, Норвегийн Карстен энэ зайн эзэн гэдгээ харуулж, дэлхийн хошой аварга боллоо. Норвеги залуу хөнгөн атлетикийн гараагаа 10 төрөлтөөр эхэлж, энэ төрлөөр өсвөрийн ДАШТ-д хүртэл түрүүлж байсан билээ. Харин 2015 оноос 400м, 400м-ийн халхалттай гүйлтээр тэмцээн уралдаанд орж эхэлсэн ажээ.

Эрэгтэйчүүдийн 5000 метрт Этиопийн Муктар Эдрис дэлхийн хошой аварга болж, эрэгтэй зээрэнцэг шидэлтэд дэлхийн АШТ-ий мөнгөн медальт Шведийн Даниэль Столь медалийн өнгөө хувирган алт болголоо. Харин эмэгтэйчүүдийн 800м -т Угандын Халима Накаайи хэмээх “битүү морь” гэнэт цойлон дэлхийн аварга болох нь тэр.

“ДОХА-2019” ДАШТ-ий медальтнууд
(2019.09.30)

Өндрийн харайлт (эм):
1. М.Ласицкене(ОХУ) 2,04 м
2. Я. Магучих (Украин ) 2,04 м
3. В.Каннингем (АНУ) 2,00 м ​
Зээрэнцэг (эр):
1. Д.Столь (Швед) 67,59 м
2. Ф.Дакрес(Ямайка) 99,94 м
3. Л. Вайссхайдингер (Австри ) 66,82 м

5000 м (эр):
1.М.Эдрис (Этиоп) 12:58,85
2. С.Барега (Этиоп ) 12:59,70
3. М.Ахмед (Канад) 13:01,11

3000м саадтай (эм):
1. Б.Чепкоеч(Кени) 8:57,84
2. Э.Коберн (АНУ ) 9:02,35
3. Г-Ф.Краузе (Герман) 9:03,30

800м (эм):
1.Х.Накаайи(Уганда) 1:58,04
2.Р.Рожерс (АНУ ) 1:58,18
3. А.Уилсон (АНУ) 1:58,84

400м халхалттай (эр):
1.К. Вархольм(Норвеги) 47,42
2. Р.Бенжамин(АНУ ) 47,66
3. А.Самба (Катар) 48,03
Аравдугаар сарын нэгэнд эрэгтэйчүүдийн тулгууртай харайлт, 800м, 200м-ийн гүйлт, эмэгтэйчүүдийн жад шидэлтийн төрөлд аваргууд тодорно.

Ц.Энхтүвшин “Таван цагариг"

 

Таны сурталчилгаа