Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт боллоо. Нэг ээлжиндээ 1500 сурагч хүлээн авах чадалтай шинэ байр ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн 6, 15, 18, 25, 26 дугаар хороодын иргэдэд үзүүлэх боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, зэргэлдээх сургуулиудын ачаалал буурч байгаа юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс, сургуулийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.
Нээлтийн үеэр БСШУС-ын дэд Г.Ганбаяраас салбарын хөрөнгө оруулалтын байдлыг тодруулахад “Энэ онд манай яам салбарын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ сард дахиад 5-6 сургуулийн барилгыг хүлээн авна. Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн хувьд барилга төлөвлөгөө ёсоор 2021 онд ашиглалтад орох байсан. Хэрвээ хугацаанаасаа өмнө ашиглалтад ороогүй бол тус сургуулийн 2800 орчим хүүхэд багачууд 21, 33, 48 дугаар сургуулиудад хуваагдан гурван ээлжээр хичээллэх байлаа. Сэтгэл, зүтгэл гаргавал болж бүтдэг гэдгийг “Батс-Өргөө” компанийн хамт олон харуулж чадлаа. Тэд найман сарын хугацаанд энэ том бүтээн байгуулалтыг хүлээлгэн өглөө” гэсэн юм.
Шинэ сургууль сурч боловсрох ая тухтай орчинг бүрдүүлсэн хичээлийн 42 танхим, орчин үеийн стандартад нийцсэн хоёр спорт заал, номын сан, гал тогоотой баригджээ.