Хаврын шаргал наран тун удахгүй таатай гэгч нь ээнэ… Энэ үеийн хамгийн сайхан нь юу гээч. Налайсан дулаан цагаар өвгөд, хөгшид нарлан сууж, хүүхэд багачуудын часхийсэн цовоо дуу сонсогдоод л. Ямар сайхан гээч. Надад яагаад ч юм хөгшдийн минь налайсан байдал амар амгаланг мэдрүүлдэг юм.
Гэрийнхээ ойролцоо тоглоомын талбайн хуучирч элэгдсэн модон сандлын дэргэд түшиг болсон таягаа дэргэдээ “аргамжчихаад”, хоёр хөлөө зөрүүлээд тавьчихсан сууж байгааг өвөө эмээ нарыг харвал цаанаа л тайван амгалан. Ажаад байх нь ээ ач зээгээ л салхилуулангаа нарлаж сууцгаах нь элбэг. Мэдээж хэрэг бусад үед чийгтэй байшингийн цонхоор зам ширтэн суудаг биз. Хөөрхий өвөө эмээ минь цаг нартай ажилд баригдаагүй ч ингээд тайван налайж суух зав хомс байдаг байх даа. Өөрийнхөө хэдэн хүүхдийг өсгөж, улсдаа хүч хөдөлмөрөө зориулчихаад эргээд ач зээгээ харж асрах нь өөрсдийн үүрэг хэмээн сэтгэх сайхан үйл дэлхийн өөр оронд байдаг ч юм уу хэн мэдлээ.
“Өнөө хэдэн хүүхэд чинь ядарч ирнэ, хоолыг нь хийгээд бэлэн тавьчихья, ганц цамц ч болов угаая” хэмээн энэ тэрхэнийг хийсээр өдрийг барцгаана. Тэгээд ч гэр орны ажил ямар барагдах биш дээ. Хамгийн хэцүү хэрнээхамгийн “нэргүй” ажлыг хэдэн хөгшид минь л амжуулдаг шүүдээ.
Жаахан охин байхдаа өвөө эмээгийнхээ туулсан амьдралын түүхийг амьсгаа даран сонсох хэчнээн сайхан байж вэ. Залуу насандаа гэж ирээд л тэднийг яриа дэлгэхэд яагаад ч юм надад тэр үе хар цагаанаар төсөөлөгдөөд байдаг юм. Яг л дээр үеийн кино шиг. Хамгийн түрүүнд “Шороотын Цэвээн” кино санаанд бууна. Үйл хөдлөлөөс нь авахуулаад үг хэл нь ч янзтай байсан байх даа.
Харин одоо би өвөө эмээгээсээ хамааралгүй өөрийн хүчиндээ өсөж том болсон мэт араншин гаргах болжээ бид. Тэднийхээ амттай яриаг чих тавин чагнах нь бүү хэл, дүр төрхөө цөөн харуулдаг болж.
Ингэхэд би чинь, өвөө эмээдээ хэзээ очиж үнсүүллээ дээ. Цаг цагаар нэг…, цагаан сараар нэг гэгчээр ёсыг бодож шинийн нэгэнд л очиж үнсүүлдэг шиг санагдах юм. Өдөрт ганц утсаар л ярина. Утсаар ярих болгонд охиндоо нэмэр захиас захиж сургах өвөө эмээгийнхээ олон үгэнд тээршаан үгийг нь дуусгалгүй тасалж орхино.
Утсаа тасалсан учрыг минь ойлгоогүй мөртлөө, тэд минь өөрсөддөө л бурууг өгч “Хүү минь яагаа юм бол сэтгэлийг нь тавгvйтүүлээгүйбайгаа” гээд л санаа нь зовчихно. Хаа нэг очихдоо өмнө нь идэх хоолныхоо захиалгыг өгч баахан дүвчигнэнэ. Зориулж аваачсан ганц хайрцаг сүүнийхээ оронд баахан ямбыг эдэлнэ. Гэдсээ цадтал идэж, хоймрын орон дээр тэрийн хэвтэж өвөөгийн ширүүн гараар илүүлж, эмээгийнхээ зөөлөн хошуугаар үнэрлүүлж хэвтэх жаргалаа үүрд бишийг даанч хожим ухаарна. Хорвоогийн зөөлнийг бус хатууг нь ухаарч дуусдаг хүний тавиланг яалтай ч билээ. Зарим үед шинэ хуучны үзэл суртал харшилдаж хагаралдах үе өвөөгийн гэрт өдөр бүр биш юм гэхэд сард хэдэнтээ тохионо. Өвөө эмээгийнхээ асуусан асуултад хариулахаас татгалзан “төрийн явдал танд хамаагүй, яах гэж илүү үгэнд дурлаж байдаг юм” хэмээн загнаж, гомдоож орхино. Ардын сайхан дуу сонсож байхад нь суваг булаацалдан солино. “Өтөлсөн болохоос үхсэн биш” гээд гоморхон хэсэгтээ дуугаа хураах тэд маань төд удалгүй хошуу дэвсэн, хоол аягалан суух нь даанч сайхан. Тэдний минь сэтгэл гомдсон ч эргээд цайрахдаа амархан юм даа.
"Ажил хурдан дуусаасай. Буянтай буурлууд руугаа залгаж зүгээрл нэг мэндийг нь мэдчих юмсан"….
Бид үүрд залуу явахгүй ээ. Цаг нь эрхээр өтөл насны үүдээр эрхгүй алхана. Яг одоо хэзээд л ирэх тэр л цагаа ухаарч, өтгөс буурлуудаа байгаа дээр нь хайрлахсан.
Хүн ухаарах нь сайхан ч тэр нь битгий л хожимдол байгаасай. Харин xөөрхий өтгөс минь хэр удаан наслаж, “суваг булаацалдах” билээ. Үгүй болохын цагт нь үзүүлж байхгvй яав даа хэмээн харуусдаг юм шүү, дүү минь.
Сэтгүүлч У.Дашбат