Танихгүй нэгэнтэй танилцаж байж, мэддэггүй зүйлээ хийж үзэж байж мэддэг, чаддаг болдог. Тэр ч утгаараа Сэтгүүлч миний бие огт өөр мэргэжил, тэс ондоо ертөнцөд орж, нэг өдрийн сурвалжлагаа бэлдэхээр шийдсэн юм. Энэ өдрийн сурвалжлага нийтлэлийн маань гол обьект Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах тасаг байлаа.
Миний хувьд өдрийн үүрэгт ажлаа дуусгаад гэрэл зурагчныхаа хамт үдшийн 18.30 цагт бидний хэлж заншсанаар гэмтлийн эмнэлгийг зорилоо. Тухайн өдрийн хүлээн авахын жижүүр эмчээр Цээж хэвлийн мэс заслын эмч З.Энхмандах ажиллаж байсан бөгөөд биднийг тун уриалгахан хүлээн авсан юм. Тэрээр оюутан ахуй цагаасаа энэ эмнэлэгт дадлага хийж, заавал гэмтлийн эмч болно гэж зорьж явсаар өдгөө 10 жилийн нүүрийг үзээд байгаа аж. Гэмтэл согог судлалын эмнэлгийн хүлээн авах тасаг нэг өдөрт дөрвөн эмч ээлжинд ажилладаг бөгөөд битүү гэмтэл, шарх, хүүхдийн гэмтэл, рентгэн хэмээн ангилагддаг аж. Энэ өдөр бидний сурвалжлах ёстой З.Энхмандах эмч битүү гэмтэлтэй хүмүүсийг хүлээн авч байсан юм. Тэрээр үдийн 16.00 цагаас 18.45 цаг хүртэл нийт 12 хүн үзээд байгаагаа хэлсэн бөгөөд энэ тоо 20.00 цагаас хойш огцом өсдөг хэмээв. Учир нь оройн цагаар баар цэнгээний газрууд нээгдэж, согтуурсан үедээ гэмтэж бэртсэн хүмүүсийн цуваа тасрахаа больдог байна.
Нийт өвчлөлийн аравны нэгийг осол гэмтлийн өвчлөл эзэлдэг.
Нээрээ ч 20.00 цаг дөхөх тусам эмчийн үүдэнд үзүүлэхээр ирэгсэд нэмэгдэж, дуу шуугиан ч нэмэгдээд ирлээ. Тэдний дийлэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой дараалал булаалцалдан муудалцаж том дуугаралцана. Зарим нэг бэртсэнээ дагаж ирэгсэд өнөөх хэдийгээ баатар мэт хөөргөдөн "энэ зэргийн гэмтэл юу ч биш" хэмээн оношилно. Эхний өвчтөн 63 настай эр. Түүний нүүр битүү хавдсан байх бөгөөд яагаад гэмтсэнээ хэлж мэдэхгүй байв. Эмчийн асуултад хариулт өгөх чадваргүй халамцуу эрийг эмч дагуулан рентгэний өрөөнд оруулаад "зургаа авахуулаад ир" хэмээн үлдээлээ. Хэрхэн гэмтсэнээ ч мэдэхгүй маасайтал инээх энэ хүний гэмтэлд дан ганц архийг буруутгахад бэрх.
Жил бүр дэлхийд 5.2 сая гаруй хүн осол гэмтлийн улмаас амь насаа алддаг.
... Гаднаас түргэний эмч нэгэн бүсгүйг дагуулан орж ирлээ. Бүсгүйн толгой хагарсан бололтой толгойгоо хүзүүний копронон алчуураар боох аяджээ. Нүүрнийх нь тал хэсэг нь цусанд будагдсан харагдана. Нөхөртөө зодуулсан оноштой бүсгүйн нүд нь гялалзан нэлээд цухалтай байгаа бололтой, эмчийн өрөөнөөс биднийг хөөлөө. Мэдээж бид өвчтөний эрхийг хүндэтгэх үүднээс өрөөг даруй орхисон бөгөөд бүсгүй мөн л архидан согтуурч нөхөртэйгээ муудалцсаны улмаас ийнхүү бэртсэнийг дараа нь мэдсэн юм.
Монгол Улсад нийт осол гэмтлийн 86.6 хувийг санамсаргүй осол гэмтэл эзэлдэг.
Дараагийн өвчтөн 50 шахам насны эмэгтэй. Түүнийг охин хүү хоёр нь түшин оруулж ирлээ. Мориноос унаж тархиндаа гэмтэл авсан байж болзошгүйг хүүхдүүд нь эмчид хэлэх аж. Толгой нь аймшигтай өвдөж байгааг л бүүр түүрхэн мэдэж байгаагаа арайхийн хэлэх эмэгтэйн ухаан дэн дун байх шиг харагдана. Эмч эхний үзлэгээ хийсний дараа яаралтай хэвтүүлж, дараагийн шатны эмчилгээнд орох ёстойг дуулгаад эмэгтэйн хувийн мэдээлэлүүдийг бичиж эхэллээ. Эмэгтэй угаас өөрийгөө илэрхийлж чадахгүй байсан учраас эмч хүүхдүүдээс нь асуух ч тэд ээжийнхээ регистрийн дугаар, амьдардаг хороо, гэрийнх нь хаягийг мэдэхгүй мунгинацгаах аж. Хүнд бэртэлдээ тэлчилж ядаж байгаа эхийгээ татаж чангаан "регистр чинь, хаяг чинь юу билээ ээж" хэмээх эдгээр залуучууд хэнэггүйдээ юу эсвэл эхийгээ хайрлах сэтгэлгүйдээ юу үнэхээр утгагүй санагдана.
Гэвч амьдрал дандаа хар бараан байхгүй аж. 17-18 насны хүүгээ дагуулсан залуухан аав ээж ихэд сэтгэл зовнисон байдалтай орж ирлээ. Хүүгийнх нь нуруу хүчтэй өвдөж, дээшээ хараад хэвтэхээр ихэд салганаж чичрэх аж. Эмчийн үзлэгээр хүүгийн нуруунд бэртэл байхгүй ч хөлийн зарим нэг хуруунуудаа мэдрэхгүй байгаа нь тархинд асуудал үүссэн байж болзошгүйг хэллээ. Өндөр сайхан биетэй энэ хүү регбигийн тамирчин аж. Барилдах, гүйх, өшиглөх, дээр дээрээ дарж унах зэрэг эрсдэл ихтэй спортоор хичээллэдэг хүү бэлтгэлийн үеэр гэмтэл авчээ. "Хориод хориод дийлэхгүй юм, та хүүд минь хэлээд өгөөч" хэмээх нүдэндээ нулимстай ээж, хүүгийнхээ гутлыг өмсүүлэхдээ хөлийг нь энхрийлэн илэх аав хоёрыг хараад ийм эцэг эхтэй хүү дороо эдгэнэ дээ хэмээн бодогдоно.
Судалгаагаар 2020 онд осол гэмтлийн улмаас нас барах хүний тоо 8.4 саяд хүрэх магадлалтай.
Энэ мэтчилэн байшингийн дээврээ янзалж байгаад үсэрч буун хөлөө бэртээчихээд гипсдүүлэхгүй эдгээнэ гэж зүтгэх дунд эргэм насны эр, гарны бэртэлдээ бэхэлгээ хийлгэхгүй улаан утсаар домночихно гэх сүсэг бишрэлтэй эгч, хөл бөмбөг тоглож байгаад гараа хугалж гипстүүлчихээд "маргааш хөлбөмбөг тоглож болох уу эмчээ" гэж асуух хөгжилтэй залуу, нохойд уруулж цус нөжөө гоожуулчихаад түүнийхээ тухай үүдэнд суугчдад муухан киноноос илүү адал явдал болгон ярих фантааз ихтэй залуу гээд гэмтлийн эмнэлгийн хүлээн авах тасгийн нэгэн үдшийн ажил ийнхүү өрнөнө.
Гэмтлийн эмнэлгийн эмч байна гэдэг утсаа салгах эрхгүй, яаралтай хагалгаа гарвал хэзээд бэлэн байх бэлтгэлтэй, ахуйн ариун цэврийн талаар ярилт байхгүй зарим нэг бэртэгсдээс цэрвэдэггүй, согтуу хөлчүү хүмүүсийн арга эвийг олж чаддаг, уурласантай инээн харьцах тэвчээртэй, олон талын мэдлэг чадвартай хүнийг хэлдэг аж. 1 сая ч хүрэхгүй төгрөгний цалинтай гэвч нэлээд их хариуцлагыг үүрэх эмч хүний бахархал нь зүрх сэтгэлдээ оршдог болов уу?
Бидний сурвалжлага энд хүрээд өндөрлөлөө. Бид өдөр тутам л гэмтсэн бэртсэн, зодуулсан, амь нас эрсэдсэн олон хар бараан мэдээлэл дунд амьдарсаар нэг талаар дөжирч орхиж. Гэтэл гэмтэл бэртлийн эрсдэл өрөөлийн буруугаас илүүтэй өөрийн анхаарал сэрэмжгүй байдлаас шалтгаалсан нь давамгайлдаг учраас уншигч танд сэрэмжлүүлэх зорилгоор дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Мэдлэгтэй, мэдээлэлтэй хүн хохирогч болохоос нэг алхмын зайд явдаг билээ.
Зочин
2020-09-28
gemteliiin emch suwilgach vnher mundag hamt olon bdag
Зочин
2020-09-28
uneheer mundag zaluu shn emch bna amjilt husiuul
Зочин
2020-09-28
мундаг сэтгүүлч байна ажлийн амжилт хүсэе
Зочин
2020-09-28
gaihaltai hariltsaanii soyoltoi chadwarlag mundag emch shvv.bayarlaj yawdagaa ilerhiilye.ajild ni amjilt hvsiye.
Зочин
2020-09-28
мундаг эмч нар шүү. баярлаж явдаг юм
Зочин
2020-09-28
gemtlin emnelegin hamt olond bugded ni bayrlala.
Зочин
2020-09-28
миний дүү чинь удам дамжсан эмч өвөө эмээтэй гавъяат эмчийн ач хүү шүү дээ. сайн эмч дүүгээрээ бахархаж байнаа
Зочин
2020-09-28
2016 оны 7 сард авто осолд орж хавсарсан гэмтлийн тасагт энхмандах эмчээрээ эмчлүүлээд гарч байлаа.ѳвчтѳндѳѳ сэтгэлээсээ хандаж чаддаг дотортой мэдлэгтэй залуу эмч энхмандах болон хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч гантулга мѳн ѳвдѳгний жийргэвчинд дурангийн хагалгааг хийж ѳгсѳн мѳнхсайхан эмч ба батсүх эмч нарын буянд хѳл дээрээ ахин босч явах боломжтой болсон
Зочин
2020-09-28
2018 онд авто осолд орж нуруугаа хугалж нугасны хүнд гэмтэл авсан. майн эмч, сувилагч нарын буянд амьд мэнд үлдсэн, баярлалаа та нартаа. одоо хөл дээрээ босох гэж хичээж л явна даа. удахгүй босох гээд л байна. нугасны гэмтэлтэй хүмүүс байгал `нуруу нугасны гэмтэлтэй хүмүүс` гээд пэсбүүк группд нэгдээрэй