Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтны хөдөлмөрлөх эрх болон эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилтэд хийх хяналт шалгалтыг 2019 оны 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Баянхонгор аймагт явууллаа. Шалгалтыг тус аймаг дахь Хас, Төрийн банкны салбарууд, 3 болон 14 дүгээр цэцэрлэг, "Цэвэр хот" орон нутгийн өмчит компани, Тохижилт үйлчилгээний компани зэрэг 6 объектод хийлээ.
Энэхүү хяналт шалгалт нь урьдчилан бэлтгэсэн тусгай удирдамжийн дагуу санал асуулга, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага, тандалт судалгаа зэрэг олон шалгуур бүхий ажиллагаа байсан бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд төлөвлөн зохион байгуулж буй ажлуудын нэг юм.
Шалгалтын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нар удирдан ажиллаж байна. Хамтарсан шалгалтаар орон нутаг дахь тухайн байгууллагын өдөр тутмын харилцааг зохицуулж буй дүрэм журам, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, ажил албан тушаалын жагсаалт, хөдөлмөрийн норм, нормативын баримт бичиг зэргийг нягтлан шалгасан юм. Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн хамтарсан шалгалт Өвөрхангай аймагт үргэлжилнэ.
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс