Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, Хил хамгаалах албаны байгууллагуудтай 2016 оноос хойш тасралтгүй хамтран ажилласаны үр дүнд АНУ-д хураагдаад байсан Монгол Улсын өв болох протосератоп, тарбозавр, хадрозавр зэрэг үлэг гүрвэлийн олдворууд болон Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн гавлын ясыг буцаан авах “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд 2019 оны есдүгээр сарын 26-ны өдөр гарын үсэг зурав.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн “Соёлын биет өвийг эргүүлэн авчрах тухай” тогтоолоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасны дагуу Монгол Улсад хүлээлгэн өгөх шинэ олдворууд, тэр дундаа АНУ-ын хойд Техасын Давж заалдах шатны шүүх хуралд Монголын тал ялснаар Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн гавлын ясыг буцаан авах гэрээг ийнхүү байгуулж буй билээ.

Гэрээнд Монголын талаас Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-ын талаас Дотоодын аюулгүй байдлын яамыг төлөөлж тус яамны газрын дарга Роберт Бартоло нар гарын үсэг зурсан бөгөөд уг арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БСШУСЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд нар оролцлоо.

Энэхүү гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар Үлэг гүрвэлийн олдворуудын өмчлөлийн эрх нь шууд Монгол Улсын мэдэлд шилжиж байгаа ба Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ЭСЯ-ны зүгээс АНУ-ын холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж олдворуудыг ойрын хугацаанд багтаан Монголд авчрах болно.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нээлттэй хаалганы өдөрлөг, салбарын мэдээлэл өгөх, зөвлөх үйлчилгээний арга хэмжээг АНУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яамаар үйлчлүүлж буй иргэдэд зохион байгууллаа.

Таны сурталчилгаа