Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа НАТО-гийн тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний хамгаалалтын ротын Х ээлжийн баг ажиллагааны газар орныг зориход бэлэн боллоо. Анх 2003 оноос Афганистан улсад анх цэргийн багаа илгээж байсан бол өдгөө хэдийнэ 16 жил болсон байна.
Дэд хурандаа М.Аюушжав нь цэргийн багийн захирагчаар явах бөгөөд хамгаалалтын ротын Х ээлжийн алба хаагчид өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин тугандаа хүндэтгэл илэрхийлэв. Энэхүү арга хэмжээнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлага албаны хүмүүс, цэргийн багийн бие бүрэлдэхүүн болон тэдний ар гэрийн төлөөлөл оролцсон юм.
Цэргийн багийн нийт алба хаагчдад хандаж ЗХЖШ-ын орлогч нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат хэлсэн үгэндээ “Ажиллагааны газар оронд цагийн байдал тогтворгүй байгаа хэдий ч нэгдсэн удирдлага зохион байгуулалттай нэгдмэл санаа зорилготой үйл ажиллагаагаараа өмнөх цэргийн багуудын ололт амжилтыг бататган Монголын Зэвсэгт хүчний нэр хүн хүндийг өндөрт өргөөрэй. Мөн орон нутгийн ард иргэд алба хаагчдад мэргэжлийн ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж үлгэр дууриал болж чадна гэдэгт итгэж байна. Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх хуулиар хүлээсэн үүргүүдийн нэг бол энхийг дэмжих ажиллагаанд оролцох явдал бөгөөд энэ нь улс орныхоо аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх Монгол орноо сурталчлан таниулах цэргийн алба хаагчдынхаа үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой билээ. Удахгүй ажиллагааны газар орныг зорих гэж буй цэргийн багийн бие бүрэлдэхүүний найдвартай ар тал болж сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг гэр бүл, үр хүүхэдд ах дүү төрөл төрөгсөд найз нөхдөд чин сэтгэлийн талархал илэрхийлэн эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Монгол цэргийн сүлд хийморь өөдөө байг” гэсэн юм.
Мөн энэ үеэр хамгаалалтын ротын 10 дугаар ээлжийн захирагч дэд хурандаа М.Аюушжав хэлэхдээ “Бид Монгол Улсын цэргийн дээд командлал Зэвсэгт хүчний удирдлагаас даалгасан эрхэм хүндтэй үүрэг даалгаврыг биелүүлэхээр ажиллагааны өмнөх бэлтгэлийг гүйцэтгүүлэх, цагийн байдалд ойртуулах хэлбэрээр явуулж өндөр ачаалалтай бэлтгэлийг төлөвлөгөөний дагуу зохион байгуулан явууллаа.
Манай цэргийн баг Зэвсэгт хүчний 37 анги байгууллагын төлөөллөөс бүрдэж ажиллагааны өмнөх бэлтгэлийн явцад бид нэгэн зорилго нэгдмэл санаатай нэг баг хамт олон болон төлөвшиж ямар ч саад бэрхшээлийг даван туулахад бэлэн болж бэлтгэлээ хангаад байна. Өнөөдөр бид бүхэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний оройн сүлд сүслэн дээдлэх ариун шүтээн золбоо хийморийн бэлгэдэг болсон Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлж мэхийн ёсолж байгаадаа туйлын баяртай байна. Цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг ажиллагааны өмнөх бэлтгэлийг чанартай үр дүнтэй зохион байгуулах, тус улсыг зорих бэлтгэлийг хангахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж төрийн захиргаа болон мэргэжлийн удирдлагаар хангаж байгаа БХЯ, ажиллагааг ЗХЖШ, түүний харьяа байгууллагуудад талархал илэрхийлж цаашдын үйл хэрэгт цэргийн багийн бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс өндөр амжилт хүсье. Цэргийн багийн бие бүрэлдэхүүн бид эх орон ард түмэн Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөн өмнөө тавигдсан ямар ч үүрэг даалгаврыг биелүүлэх болно гэдгээ батлан илэрхийлье. Монгол Улсын төлөө зүтгэе” гэлээ. Цэргийн алба хаагчийн ар гэрийн төлөөлөл ч энэ дашрамд сэтгэгдлээ хуваалцаж нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүсэв.
Эх сурвалж: ЗХЖШ
.