-Б.СЭР-ОД ес дэх дэлхийн АШТ-дээ оролцоно-
Өнөөдөр Катарын Доха хотноо хөнгөн атлетикийн 17 дахь удаагийн ДАШТ эхэлж байна. Энэ удаагийн ДАШТ-д 209 орны 1972 тамирчин оролцож байгаа нь уг тэмцээний бүх цаг үеийн түүхэн дэх рекорд боллоо.
Манай улсаас Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа, Г.Хишигсайхан нарын дөрвөн тамирчин марафон гүйлтийн төрлөөр дасгалжуулагч О.Оюунтуяа, Б.Доржкалам нарын удирдлагаар Дохад хурдаа сориж байна.
Б.Сэр-Одын хувьд 2003 оноос эхлэн завсаргүй ес дэх ДАШТ-дээ оролцох гэж буй бөгөөд хөнгөний ДАШТ-д хамгийн оролцсон тамирчинд 12 удаа оролцсон Испанийн спорт алхааны тамирчин Х.Брагадо тооцогддог юм. Харин эмэгтэйчүүдээс 11 удаа ДАШТ-д оролцсон Португалын спорт алхааны тамирчин Х.Фейтор энэ амжилтыг тэргүүлдэг. Энэ хоёрын араас ДАШТ-д таван удаа оролцсон ердөө таван тамирчин бичигддэг бол 9 удаа ДАШТ-д оролцсон 13 хөнгөн атлетикч л байдаг ажээ. Ингээд үзэхээр манай Б.Сэр-Одын амжилт үнэхээр бахдам амжилт бөгөөд тэр тусмаа хөнгөн атлетикийн хамгийн хүнд төрөлд тооцогддог марафон гүйлтээр оролцож буй болохоор онцлохгүй байхын аргагүй билээ.
Чухамдаа марафон гүйлт нь МЭӨ 490 онд болсон Грек-Персийн дайны ялалтын мэдээг хүргэхээр Марафоноос Афин хүртэл 42 км замыг туулсан Грекийн цэрэг Фейдиппидесээс эхлэлтэй гээд бодохоор хөнгөн атлетик нь хамгийн эртний спортын төрлийн нэг. Эртний болон Орчин үеийн анхны Олимпийн наадмын аль алинд гүйлтийн төрөл байсан. Тэгсэн мөртлөө анхны хөнгөн атлетикийн ДАШТ дөнгөж 1983 онд зохиогдсон нь сонирхолтой. Эхлээд дөрвөн жилийн зайтай зохиогдож байгаад 1991 оноос хоёр жил тутамд явагдах болсон билээ.
Хөнгөний ДАШТ-ээс хамгийн олон медаль авсан орны жагсаалтыг АНУ 156 алт, 105 мөнгө, 91 хүрэл, нийт 352 медалиар тэргүүлж, ОХУ 43 алт, 52 мөнгө, 48 хүрэл нийт 143 медаль, Кени 55 алт, 48 мөнгө, 37 хүрэл, нийт 140 медалиар удаалдаг. Нийтдээ 101 орны баг, тамирчид ДАШТ-ээс медаль хүртэж байжээ.
ДАШТ-ээс хамгийн олон алтан медаль авсан тамирчдыг Ямайкийн ойрын зайн гүйгч , домогт “Цахилгаан” Усайн Болт, АНУ-ын дундын зайн гүйгч бүсгүй Эллисон Феликс нар 11 алтан медалийн амжилтаар тэргүүлдэг.
Ц.Энхтүвшин. “Таван цагариг”