Манай гариг дээр д.т.д 8000м-ээс дээш сүндэрлэсэн 15 оргил бий. Тэдгээрийн нэг Манаслу/ д.т.д 8163м/-д Монгол уулчин амжилттай авирч тугаа мандуулсан тухай сайхан мэдээ ирлээ.
Австрали улсын Сидней хотод ажиллаж амьдардаг уулчин залуу Б.Батболд Олон улсын экспедицийн бүрэлдэхүүнд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө 6.30 цагт оргилд амжилттай авиралт гүйцэтгэж Монгол улсын төрийн далбааг мандуулсан байна. Монгол уулчин ийнхүү анх удаа Манаслу оргилд хөл тавьж түүх бүтээв.Бахдам амжилт мөн билээ.Монголын уулчид хөл тавьсан найман мянган метрээс дээш өндөртэй хайрхадын тоо нэгээр нэмэгдлээ.Тодруулбал,
1.Эверэст 8848м 2005 он МУГТ, ОУХМ Г.Өсөхбаяр
2.К2 8611м 2018 он МУГТ, ОУХМ Б.Гангаамаа
3.Лхотце 8516м 2018 он ОУХМ Ж.Бямбасүрэн
4.Чо Оюу 8201м 2001 он МУГТ, ОУХМ Л.Болдбаатар
5.Манаслу 8163м 2019 он Б.Батболд
6.Шиша Пангма 8013м 2013 он ОУХМ Ө.Батманлай
Манаслу: 2019 экспедицид нийт 11, үүнд Балба улсын 5 хөтөч, Ирланд 1, Канад 1, БНХАУ 2, Пакистан 1 болон Монголын 1 уулчин багтсан аж.
Уулчин Б.Батболд бол хилийн чанадад суугаа Монголчуудын дунд өндөр уулын авиралтаар идэвхтэй бас тооцоотой хичээллэж, амжилт нь ахиж яваа цөөн тамирчдын нэгэн хэмээн би бээр боддог юм. Өмнө нь Б.Батболд өөрийн хүүгийн хамт 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Мера Пик/д.т.д 6476м/-т амжилттай авиралт гүйцэтгэж байсныг дурьдахад таатай байна.
Бид анх 2016 оны 12 дугаар сард Австрали, Сиднейд уулзаж танилцсан бөгөөд тэнд сурч ажиллаж,амьдардаг нутаг нэгт 5 залуучуудын хамт Костюшкод алхалт хийсэн сайхан дурсамж буй билээ.Тэднийг Костюшкогын Монгол эзэд гэмээр санагдаж байсныг нуух юун. Дашрамд дурьдахад, Б.Батболд өөрийн хүүгийн хамт 2008 оны 3 дугаар сард Австралийн Костюшко/д.т.д 2228м/ оргилд гарсан нь Монголчуудын анхдагч байсан хэмээн үздэг.
Эрхэм дүү Б.Батболдод баяр хүргэхийн ялдамд ажлын амжилт, гэр бүлд нь эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
--- o O o ---
Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Говь-Алтай аймгийн Тонхил сум,Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын Удирдах зөвлөлийн гишүүн А.Батсүх phD
Улаанбаатар
2019.10.06