Аюултай хог хаягдал гэж товчхондоо хүний эрүүл мэнд байгаль орчинд хор хөнөөлтэй хог хаягдлыг хэлэх бөгөөд тухайлбал бидний өдөр тутмын хэрэгцээний угаалгын нунтаг, будаг лак цавуу, угаагч шингэн, хуруу зайнууд, электрон хаягдал, машины аккумлятор, моторын тос бүгдээрээ аюултай хог хаягдлын тоонд багтдаг.
Өдөр тутмын дээрх хорт хаягдлаас гадна аль жараад оноос хойш хуримтлагдсан хүн мал эмнэлэг хөдөө аж ахуй сургууль лабораторийн зориулалттай хатуу шингэн химийн бодисууд, үйлдвэр уул уурхайн хаягдал хлор хүчил цианит мөнгөн ус болон химийн хортой сав баглаа боодлыг зөв аюулгүй тасралтгүй устгах асуудал байгаль орчин мэргэжлийн хяналт зэрэг хариуцсан байгуулагуудын шүдний өвчин болсоор удаж байна.
2017 онд УИХ-аар баталсан Хог хаягдлын тухай хуулийн тавдугаар бүлэгт Аюултай хог хаягдлыг савлах, тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх болон байгууламжийн байршилд тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэн зөвшөөрөл олгох, хяналт шинжилгээ хийх, тайлагнах зэрэг аюултай хог хаягдлын менежменттэй холбоотой зохицуулалтыг тодорхой тусгаж өгчээ.
Хуулийн эдгээр зохицуулалт цаашид хэрэгжээд явах бүрэн боломжтой ч харин хамгийн чухал асуудал болох аюултай хог хаягдлыг устгах булшлах дээрээ тулаад ирэхээр тус цэгийг олгох ёстой орон нутгийн ИТХ, иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарснаар аюултай хог хаягдлын цэг байгуулах газрын асуудал үндсэндээ гацаанд орж аюултай хаягдал аж ахуйн нэгжийн хашаанд хуримтлагдсаар арван жилийг ардаа орхиж, ахиад хэдэн жил ч гацахыг хэлж мэдэхгүй байна.
Улс орны төдийгүй иргэдийн аюулгүй байдлыг хангах түүний дотор аюултай хог хаягдлаас ард иргэдээ үтэр түргэн ангижруулж аюулгүй орчинд амьдруулах нь төрийн үүрэг бөгөөд үүнд юуны өмнө төрд байгаа хүч хэрэгслэлээ төмөр замд дайчилж байгаагийн адил армийн анги салбаруудаа аюултай хог хаягдлаас ангижруулахад бас ашиглах нь зүйтэй. Тухайлбал, ахуйн гаралтай аюултай хог хаягдал битгий хэл аюулт хими бактерлоги цацраг цөмийн зэвсгийн хор хөнөөлийг арилгах ариутгал цэвэрлэгээ хийх үндсэн үүрэгтэй армийн долоон удаагийн Онц алдар түүхтэй анги армид бий.
Атом цөм хими биологийн аюулаас армийн бүрэлдэхүүн ард иргэдээ хамгаалах ариун үүргээ тавиад жил тасралтгүй амжилттай сайн гүйцэтгэж ирсэн тус химийн тусгай хорооноос түүхэндээ мэргэжлээрээ таван генерал арван доктор хорин хурандаа төрөн гарсаны дотор доктор генерал Хүрлээ, хурандаа Нармандах, хурандаа Эрдэнэцогт нар дэлхийн арав гаруй орны дал гаруй мянган тонн буюу дэлхийн химийн зэвсгийн нөөцийн 90 гаруй хувийг хориод жилийн хугацаанд гар бие оролцон устгалцаж байгуулага хамт олноороо 2013 онд Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн бол тус ангиас төрөн гарсан, цэргийн химийн мэргэжлийн генерал Ганзориг өчигдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдлоо.
Төр засаг түмэн олонд тулгамдаад байгаа аюултай хог хаягдлыг манай армийн мэргэжлийн анги салбарууд байнгын байрлалдаа бага оврын станцаар, хөдөөгүүр байгаа хогыг хөдөлгөөнт объектоор явж газар дээр нь устган төрийн өмнөөс иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах боломжтой төдийгүй аюултай хог хаягдал асар том бизнес болчихоод байгаа өнөө үед түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах эрчим хүч гарган авах төлбөртэй устгах зэргээр давхар давхар бурзайх боломж бас армийнханд байнаа.
Олон улсын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт