Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг Дээд лигийн цувралын энэ оны найм дахь тэмцээн болох “Намрын гран-при 2019” аравдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль дээр боллоо. Тэмцээнд ОУИМ Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, М.Нямжаргал, Р.Манлай, Б.Мишээл, Б.Мөнхжин тэргүүтэй 99 тамирчин оролцож, швейцарь системээр 9 өрөг тоглолоо.
Дүн гарахад ОУИМ Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) боломжит 18 онооноос 15-ыг авсан амжилтаар ээлжит түрүүгээ авсан. Тэрбээр Дээд лигийн сүүлийн таван цувралын дөрөвт нь ийнхүү түрүүлээд байна. Нээлттэй ангилалалд ОУИМ Д.Эрдэнэбилэг (“Шинэ Монгол” сургууль), спортын мастер Б.Пүрэвбаатар (48-р сургууль) удаалсан бол ДДХМ Ц.Хашчулуун (“Дебют” клуб), Ц.Сүхбат (“Хасу-Мегастарс” клуб), ОУИМ Б.Мөнхжин (BBH компани), спортын мастер А.Дашчирэв (“Сонгодог байрлал” клуб), С.Мөнх-Оргил (“Хасу-Мегастарс” клуб) нар шагналт IV-VIII байр эзэлсэн байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Б.Мишээл (“Ирээдүй” клуб), ДДХМ Г.Хэрлэнмөрөн (“Идэр” их сургууль), спортын мастер Б.Анужин (“Хасу-Мегастарс” клуб), ахмадын ангилалд спортын мастер Л.Гансүх (БЗД), дэд мастер Б.Алагаа (СБД), өсвөрийн U-17 насанд Г.Дүүрэнбилэг (“Ирээдүй” клуб), Б.Энхрийлэн (“Шавь” клуб), U-14 насанд С.Болор (Өмнөговь), Э.Хүслэн (“Алтан хүү” клуб) нар тус тус шагналын эзэд болсон байна.
Тэмцээнийг Б.Нямхүү захиралтай европ сантехникийн худалдааны “Нартын голомт” ХХК гурав дахь жилдээ ивээн тэтгэлээ.
Эх сурвалж: Монголын Даамын Холбоо