Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Ариунаа, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар:

  "- Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага (FATF), Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын Ажлын хэсгийн хамтарсан уулзалт өнгөрөгч есдүгээр сарын 12-13-нд Тайландын Бангкокт болсон. Манай холбогдох байгууллагууд Монгол Улсаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлангаа хэлэлцүүлсэн. Харамсалтай нь Монгол Улс нэмэлт зөвлөмжид тусгагдсан шалгуур үзүүлэлтүүдээс 4-т нь зохих үр дүн гаргаж, эргэж тайлагнах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг албан ёсоор манайд ирүүлсэн байна.

Тэдгээр нь:

1. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах;

2. Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргасан байх;

3. Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах;

4. Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх үйлдлийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах гэсэн чиглэлтэй байна.

Улмаар төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг 2021 оны 5-р сар буюу 18 сарын хугацаанд хэрэгжүүлж дуусгах чиглэл өгчээ. Хэдхэн хоногийн дараа аравдугаар сарын 15-нд Парист болох ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

 

Манайх үй олноор хөнөөх дэвсэг дэлгэрүүлж, терроризмыг санхүүжүүлдэг орон мөн үү. Яагаад бид энэ жагсаалтад ороход хүрэв гэсэн асуулт гарна. Хариулт нь тухайн асуудлыг хариуцсан байгууллага, албан тушаалтан ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас ийм байдалд хүрсэн гэсэн дүгнэлт гарч байна" гэлээ.

 

Тэрбээр 2017 онд манай тайланг ФАТФ-ын хурлаар хэлэлцээд хангалтгүй гэж дүгнэж, зөвлөмж ирүүлсэн. Хоёр жил өнгөрсөн ч тодорхой ахиц гарсангүй. Дөрвөн нэмэлт шаардлага хүлээн аваад байна. Олон улсын жишигт нэг л нэмэлт шаардлага авбал “саарал жагсаалт”-д орох бодит эрсдэл үүссэн гэж үздэг.

Хэрвээ Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол,

-олон улсын байгууллагууд мнай улстай хамтран ажиллахаас татгалзах;

-гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;

-гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;

-иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;

-улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүснэ.

Тиймээс үйл ажиллагааныхаа тайланг муу хамгаалсан, хариуцсан ажлынхаа чиглэлээр үр дүн гаргаж чадаагүй Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, бусад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

 

Үүссэн асуудалтай холбоотойгоор хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Ариунаа, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун нар мэдээлэл өгч, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан байр сууриа илэрхийллээ.

 

Монгол Улс “саарал жагсаалт”-д багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор,

- “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах;

- Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх;

- Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх;

- Xар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох талаар дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн үүрэг даалгаврыг  УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад өгөв. 

Түүнчлэн авсан арга хэмжээнийхээ талаар ФАТФ-т захидал илгээж, мэдэгдэхээр болов. 

Таны сурталчилгаа