Монгол улсын иргэд 1998 оноос БНХАУ-ыг зорьж эрхтэн шилжүүлэн суулгуулах мэс ажилбар тэр дундаа бөөр шилжүүлэх хагалгааг хийлгэх болсон билээ. Анагаах ухааны орчин үеийн ололтын оргил нь эрхтэн шилжүүлэх мэс засал боловч энэ мэс ажиллагаанд орсон хүмүүс насан туршдаа Дархлаа дарангуйлах эмийг хэрэглэх болдог. Тэгвэл Програф/Такролимус/ эмийг иргэдэд олгох ажлыг 2004 оноос эхлээд Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 129/100-р тушаалаар эмчлэгч эмчийн жорын дагуу олгох ажлыг хийж, улирал бүр эмийн тайлан тооцоог гарган Эрүүл мэндийн яаманд хүргүүлж ажиллаж байна. 2019 оны эхний 3-р улирлын байдлаар Дархлаа дарангуйлах эмийг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтанд нийт 500 гаруй хүн ууж байгаа аж. Гэтэл 2018-2019 онд Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээс УНТЭ-т эмийн хангалтанд орох хүсэлтээ өгсөн элэг шилжүүлэн суулгасан -33, бөөр шилжүүлэн суулгасан-8 хүн, ХСҮТ-ээс 5 хүн хүлээгдэж байна. Эдгээр иргэдийн хувьд өмнө жил нь хэдэн сард хагалгаанд орсноос үл шалтгаалж, дараа оны улсын төсөвт тусгагдаж 1-р улирлаас нь эмийн хангалтандаа орох ёстой байдаг.Тэгвэл Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захиргаа, Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эмзүйн албанаас 2019 оны 3 дугаар улирлын эмийн гүйцэтгэлийн тайланг үндэслэн эмийн тунгийн хэлбэлзэл, нас баралт, гемодиализ эмчилгээнд орсон, өөр эмэнд шилжсэн шалтгаануудаас эмийн хэмнэлт үүсч, тэрхүү хэмнэсэн зардлаар хүлээгдэж байгаа хүмүүсийг Програф/Такролимус/ эмэнд хамруулах боломж нөхцөл үүссэн юм.
Тиймээс Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд, Эмзүйн албаныхан, эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн холбооны төлөөллийг хүлээн авсан байна. Хүлээгдэж байгаа нийт 46 хүний хүсэлтийг урьдчилан шийдвэрлэж 50 гаруй сая төгрөгийн эмийн олголтыг өнөөдрөөс өгч эхлэхээр болсон юм.