Улаанбаатраас баруун тийш Өвөрхангайн замаар гараад 280 км Элсэн тасархай гэж нэрлэгдсэн үзэсгэлэнт сайхан элсэн манханууд бүхий байгалийн нэгэн цогцолборт хүрдгийг хэн бүхэн андахгүй. Яваад хүрэхэд зүүнтэй нь алдарт Хөгнөхаан, урд нь Батхаан, түүний салбар уулс болох Их Монгол /Улаанбаатар хотын суурийг тавьсан газар /, Бага Монгол, Бурхан буудай, Үст, Буурал, Үнэгэт зэрэг ан амьтан, ой мод, анхилуун сайхан цэцэгс, ургамалаар хучигдсан үзэсгэлэнт уулс, баруунтай нь харлаг тахь шиг Эрээн уул хана хэрэм мэт сүглийж, баруун өмнө нь Бурхан бумбын оронд дуулагддаг Дөлгөөн хайрхан дүнхийж харагдана. Өндөрлөг газар гараад эргэн тойроноо харахад ямар сайхан харагддаг билээдээ? Гадаад ертөнц рүү гарч галуу шувууны мах бараг идээгүй надад бол Төвхөний минь орой дээрээс Монголын минь уул ус тэнгэртэйгээ тэр аяаараа харагдах шиг, элсэн манханы бэлд хүүхдийн зулай шиг ширгэн дээр сөхөрч суугаад Тарны голын уснаас магнайдаа хүргэхэд говь, хангайд нэгэн зэрэг ирчихсэн юм шиг л санагдаж, газрын диваажин энэ л байхдаа л гэж бодогддог юм.
Хүн гэдэг амьтан унасан газар угаасан ус идээшсэн нутаг, ижии аав гэдэг эрдүүдийн шүтэн барилдлагаар л эх орон төрсөн нутаг гэдэг энгийн юм шиг мөртлөө цаанаа зүрхэнд тархинд цусанд минь байдаг мэдрэмж, бодомж, сэтгэл хөдлөл, сэдлэгийг олж авдаг. Аян замын алжаал тайлаад түр буудаллах тэрүүхэн мөчид их зүйл бодогдоно.
Хүн байгалийн нэг эд эс нь юм гэж... Энэ сайхан байгаль байхгүй бол хүн ч байхгүй болно гэж... энэ сайхан нутагт төрж өссөн хүмүүс яагаад сайн сайхан явж болохгүй гэж...Арав таван малтай айргаа уугаад зүгээр л сайхан амьдрах юмсан гээд л олон зүйл бодогдоно. За энэ тэр уянгын халил ч яахав. энэ бичлэгээ яагаад Монголын холливуд гэж нэрлэв гэдгээ тайлбарлахыг оролдъё. Одоо үед эх орныхоо аливаа нэг үнэт зүйлийг дэлхийд нэгэнт алдаршсан зүйлтэй жишиж харьцуулахгүй бол хүлээж авахаа болчихоод байгаа учираас арга ядахдаа ийм нэр өгч сууна. Мэдээж Америкийн Холливуд үзэсгэнт газар гэдгийг хэнбугай ч мэднэ. тэгвэл мөнхийн ногоон арц, монос бургас, Хайлаас, Тэхийн шээг зэрэг мод бутлагаар төгөл үүсгэсэн 30 км орчим үргэлжлэх 20 мянган ам км талбай бүхий хангай, говийн хослол бүхий энэ газрыг би үүнээс тутахгүй гэж боддог. Энэ арвин дагшин газарт "Мандухай цэцэн хатан, Тод магнай, Тууврын замд, Ирж яваа цаг, Гийнгоо, Хүн чулууны нулимс, Цэц магнай, Цөвүүн цагийн богд, Алтан шонхор" гээд Монголын уран сайхны болоод баримтат олон арван киноны зураг авалт хийгдсэн бөгөөд байгалийн понарам болсон газар. Америкийн холливуд дэлхийд нэрээ мөнхөлж тэндхий киночид дэлхийн өнцөг булан бүрт киногоо хийсэн ч төрөлх холливуддаа эргээстэй байдаг. Эрт эдүүгээгийн хоёр нийслэлийг холбож байдаг элсэн тасархайгаа бид ч бас эргээстэй л байдаг. Бид болоод бидний хүүхдүүд дуут манханы оройгоос гулгаж тоглодог, Тарна жаргалантын голд тонгочиж тоглодог, Өндөр гэгээний суваргаас адис авдаг азтай хүүмүүс. Энд Улаанбаатар хотынхоо суурийг тавьсан элсэн манханууд дунд орших Ширээт цагаан нуурийг үзсэн хүн цөөн. Учир нь байгаль өөрийгөө хамгаалаад барагтай машин тэрэг унаа оруулдаггүй.
1639 онд буюу шаргачин туулай жил Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг таван настай байхад нь ширээнд өргөмжилж гэгээн цол өгч ШАР БӨСТ өргөө барьж суулгасан нь одоогийн улаанбаатар хотын анхны шав байсан юм. Түүнээс хойш 29 удаа нүүдэллэн байж одоогийн байгаа Хан уулын ар, Хатан Туулын хөндийд сууршисан түүхтэй. Эндээс баруун урагш 40 гаран км яваад Монгол орны төв цэг Өвөрхөшөөт, Баруун хойш 80 км яваад Монголын эртний нийслэл Хархорум хот оршино. Ам болгон рашаантай алдарт Хөгнө хаан, Батхаан уулс Дархан цаазтай, тусгай хамгаалалттай газар нутаг юм. Гэвч харамсалтай нь хүйтэн цэвдэг сэтгэлтнүүд аглаг хангайн чимээ болсон буга согоог нь элдэн хөөж бөөнөөр нь хөнөөж, ашиг олж л байвал лус савдагийн хорлолыг тоохгүй аашилж байна. Нутгийн уулс ус цаанаа эзэнтэй гэдгийг энэ нутгийн зон олон хэлээд өгнө. Өндөр гэгээний суваргаас ганцхан цац авсан хүн буцааж тавихаас өөр аргагүйд хүрдэг, мөнх ногоон арц нь гарын доор харагдавч авч ашиглахад цээртэй нутаг даа. Эцэст хэлэхэд байгалийн хэв шинж, ургамал амьтны байршил, түүх соёлын дурсгалыг нь хадгалах шаардлагатай, аялал жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг нь харгалзан байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалж, түүх соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой энэ газар нутгийг байгалийн цогцолборт газар болгон хамгаалах саналыг дэвшүүлж байна.
Монголын холливуд болсон Элсэн тасархай хэмээх энэ гайхамшигт газрыг амралт сувилал, аялал жуулчлалын алдар нь түгсэн төв болох ирээдүй тосон хүлээж байна