Хот байгуулалтын хөгжлийн газраас Монголын улс төрийн зүтгэлтэн П. Гэндэнгийн музейн барилгыг нураах талаар өчигдөр /10 сарын 09/ мэдээлэл хийжээ. Уг дүнзэн модон хоёр давхар барилгыг П.Гэндэнгийн гэрт зориулж 1928 үед Монголд амьдарч байсан герман инженер Герингийн зураг төслөөр анх барьсан байдаг. Харин 1937 онд П.Гэндэнг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн буудан хороож байшингийг нь хураажээ. 1993 онд П.Гэндэнгийн ганц охин Г.Цэрэндуламын санаачлагаар П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалын музейг байгуулсан түүхтэй.
Өдгөө 90 жилийн нүүрийг үзсэн байшин суулт өгч, дээвэр нь ус нэвчдэг болсныг Гэндэн сангийн тэргүүн С.Бэхбат ярилаа.
Тиймээс ээж аавынхаа хүслийг биелүүлэх үүднээс мэргэжлийн архитекторын зөвлөгөөнд үндэслэн барилгыг шинэчлэх болсноо хэлсэн юм. Музейг конторын зориулалттай 22 давхар барилга болгон шинэчлэх зураг гарсан байна. Барилгын нэгдүгээр давхарт П.Гэндэнгийн музейг өнөөгийн төрхөөр нь сэргээн засварлаж шинэ барилгын нэгдүгээр давхарт шилэн хоргонд байрлуулах юм байна. Үүнтэй зэрэгцэн ард иргэдийн дунд соёлын өвийг устгах гэж байна гэх хар төрөөд байгаа юм. Харин үүн дээр соёлын өвийг устгах зүйл байхгүй гэдгийг хэллээ.