Тиймээ өнөөдөр бол 2019 оны 10-р сарын 10ны өдөр. Өнөөдөр зүгээр ч нэг өдөр биш гэдгийг хэлэхэд илүүц биз. Одоогоос яг сарын өмнө талбайдаа Тажикстаны шигшээг хүлээн авч байсан Монголын шигшээ ДАШТ-ий урьдчилсан 2-р шатны хэсгийн 3 дахь тоглолтоо Азийн 4 удаагийн аварга хүчирхэг Японы шигшээ багийн эсрэг хийхэд бэлэн болжээ. Сарын өмнө энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж байсан хүлээлт маань өнөөдөр дуусгавар болно. Энэ тоглолт юугаараа онцлог, юугаараа далайцтай вэ гэдэг асуултыг асууя. Нэгдүгээрт Японы баг манай шигшээгээс чансаа хол тасархай. Дэлхийн чансааны 31-р байранд бичигддэг баг. Олон ч том тэмцээний дайны утааг үнэрлэж явсан баг. Өнгөрсөн жил л гэхэд ДАШТ-ий шөвгийн 16-д Бельгийн шигшээг онгоцонд нь суулгахаа шахсан.
Энэ жил л гэхэд Азийн аваргад аман хүзүүдсэн. Хоёрдугаарт Монголын шигшээ өмнө нь ийм хүчирхэг бүрэлдэхүүнтэй том гүрний шигшээ багтай албан ёсны ийм тоглолт хийж байгаагүй. Гуравдугаарт энэ тоглолт Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоос тод тэмдэглэгдэн үлдэх тоглолт байх болно. Дөрөвдүгээрт энэ бол зүгээр нэг нөхөрсөг тоглолт биш. ДАШТ-ий эрхийн төлөөх албан ёсны тоглолт. Япончууд Мьянмарын эсрэг гаргасан бүрэлдэхүүнээ энэ удаа талбайдаа манай залуучуудын эсрэг гаргах магадлал өндөр байна. Талбайн эзэн багийн статусаар тоглох Японы шигшээ багийн хувьд хэсгийн эхний тоглолтондоо Мьянмарын шигшээг талбайд нь 2-0 гэсэн үр дүнгээр хожсон. Өнөөдөр манай шигшээтэй хийх тоглолт тэдний хувьд хэсгийн 2 дахь тоглолт нь байх болно. Мьянмартай хийсэн тоглолтын гарааны бүрэлдэхүүнийг харахад л Японы шигшээ тэмцээний эхнээс эрсдлийг үүрэхгүйгээр шилдгүүдээ бүгдийг нь дууджээ.
Японы шигшээд дуудагдсан 23 тоглогчийн 20 нь Европын лигүүдэд тоглодог гэж бодохоор л яах аргагүй шилдэг бүрэлдэхүүнтэй баг. Тэдний бүрэлдэхүүнд Английн Саутхемптон клубын гарааны хамгаалагч Маяа Ёшида, Испаний алдарт эзэн хааны Реал Мадрид клубт дуулиан шуугиантайгаар очиж одоогоор зээллэгээр Мальоркад тоглож байгаа авьяаслаг залуу Такефуса Кубо болон өнгөрсөн долоо хоногт аваргуудын лигт Ливерпүүлийн эсрэг нэг гоол, нэг ассист гүйцэтгэсэн Австрийн Зальцбург клубт тоглодог Такуми Минамино зэрэг тоглогчид байгаа юм. Цэнхэр Самурайнууд ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд талбайдаа хийсэн сүүлийн 13 тоглолтоос ярдөө ганцхан хожигдол амсаад байгаа билээ. Тэгвэл талбайн зочин багийн статусаар тоглох Монголын шигшээ багийн хувьд тун сайн тоглолтуудыг хэсэгтээ үзүүлж одоогоор 1 хожил, 1 хожигдол амсаад байгаа. Хэсэгтээ 3 оноотойгоор 3-р байранд бичигдэж байна.
Талын хөх чононууд түүхэндээ ДАШТ-ий урьдчилсан шатанд айлын талбайд хожил байгуулж байсангүй. 8 тоглолт хийхдээ 7 хожигдол 1 тэнцээ байгуулж байсан түүхтэй. Тэртээ 2001 онд Бангладешийн талбайд тоглолтын эцсийн мөчид домогт тоглогч Буман-Учралын оруулсан гоолоор ДАШТ-ий түүхэн дэх анхны тэнцээ болох анхны оноогоо Монголын шигшээ авч байлаа. Цаг үе өөр болсон гэдгийг манай шигшээгийн сүүлийн 2 тоглолт тодхон илтгэнэ. Хэзээ байтлаа Монголын шигшээ ДАШТ-ий дараагийн шатанд шалгарч байлаа. Хэзээ байтлаа Монголын шигшээ чансаа хавь илүү багийг талбайдаа хожиж байлаа. Хэзээ байтлаа хөгжөөн дэмжигчид нь хөлбөмбөгийн ногоон талбайгаа дүүргэж шигшээ багтаа ийм итгэл хүлээлгэж байлаа. Японы шигшээгийн хаалганд гоол оруулах нь бидний хувьд ялалт. Мөн хаалгандаа цөөхөн гоол алдах нь бидний хувьд бас нэгэн ялалт. Тэгэхээс Японыг талбайд нь хожно гэдэг үлгэрт итгээд яахав. Гэхдээ цаасан дээр бидэнд боломж бий. Япончууд Мьянмарын шигшээг 2-0 гэсэн үр дүнгээр хожсон бол манай шигшээ Мьянмарыг 1-0 ээр хожсон. Энэ дүр зургаас авч үзвэл бид Япончуудын эсрэг сайн тоглолтоо үзүүлж чадна гэсэн итгэл төрж байна. 2 баг өнөөдөр түүхэн дэх анхны учраа тоглолтоо хийх болно. 2 багийн тоглолт өнөөдөр орой Улаанбаатарын цагаар 18:35 минутаас 66'000 хүний суудалтай Сайтама олимпийн цэнгэлдэхэд шүүгчийн шүглийн дуугаар эхэлнэ. Бид шигшээ багтаа итгэдэг болсон. Бид шигшээ багийнхаа үзүүлж байгаа тоглолтод сэтгэл хангалуун байгаа. Энэ л бидний дэвшил. Урагшаа залуусаа. Бид бол талын хөх чононууд...
Эх сурвалж: Total Ayurbileg