Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан байдаг.
 
Зарлигт “…б) наймдугаар Богд Жавзандамба хутагтын түүх, Монголын төлөө явуулсан үйл хэргийн түүхэн болон улс төрийн ач холбогдлын талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах…” гэж заасны дагуу 2019 оны 10-р сарын 11-ний өдөр Төрийн ордны “Б” танхимд 09:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Богд хаан-150” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болох юм.
 
Хуралд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Ой зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц тэргүүтэй олон судлаач, эрдэмтэн мэргэд оролцоно.
 
Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн гавьяат профессор Наками Тацүо, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн доктор Сергей Львович Кузьмин нар үндсэн итгэл тавьж, Унгар, Герман, Япон, ОХУ-ын бусад эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Таны сурталчилгаа