Цаг үеийн мэдээ

            Нийслэлийн хэмжээнд 2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд явагдах юм байна. Зарлан дуудах мэдэгдэл хүргүүлж эхэлсэн бөгөөд цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим үнэмлэх, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж дүүргийн цэрэг татлагын байранд очих ёстой юм.

            Тэгвэл 2019 оны цэргийн жинхэнэ албаны 1-р ээлжийн цэрэг татлагаар нийт 2148 залуучууд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт орсноос эрүүл мэндийн шалтгаанаар нийт 1001 хүн чөлөөлөгдсөн байна.  Цэргийн албанд татагдах залуусын хувьд нүд,шүд, амны хөндийн өвчлөл нэлээдгүй хувийг эзлээд байгаа аж.

            Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн цэргийн насны залуусын дунд өвчлөл, эрүүлжилтийн байдлыг хянах “M-Health” программыг нэвтрүүлэн гаргажээ. Энэ нь цэргийн насны залуусыг бүртгэж, цэрэг татлагаас чөлөөлөгдсөн болон өвчтэй, эмчлүүлээд  эрүүлжиж  байгаа залуусыг үүгээр хянах зориулалттай программ юм.  

             Сүүлийн 3 жилд цэргийн албанд эрүүл мэндийн байдлаар тэнцээгүй түр чөлөөлөгдсөн 869 цэргийн насны залуусыг хяналтанд авч 270 нь бүрэн эрүүлжсэн байна. Үүнээс эрүүлжсэн 270 иргэнээс хугацаат цэргийн албанд 14 иргэн тэнцэж цэрэгт явжээ.

            Энэхүү программын тусламжтайгаар цэргийн насны залуусын эрүүл мэндэд анхаарах, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх урт болон богино хугацааны ажлын төлөвлөгөөнүүдийг гарган, эмчлэгдэх боломжтой хүмүүсийг түүж богино хугацаанд эрүүлжүүлэх ажлыг амжилттай  зохион байгуулсан байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 11.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

 

 

Таны сурталчилгаа