Цаг үеийн мэдээ

Намайг бага байхад зуны амралт эхлэв үү? үгүй юу хөгшин аавынд хүргэж өгдөг байж билээ. Хөгшин аавынх боломжийн хэдэн малтай. Хурга ишиг хариулах, үнээ ивэлгэх, завсар чөлөөгөөр нь аргал түүх, нойтон үхрийн баасыг эргүүлж хатаах, оройн сүү саалины цагаар хонь холбох, үдшийн бүрийд тугалаа хашиж, хурга ишгээ хөгнөх гээд ажил мундахгүй. Нэг өглөө эрт босч, урт ажилдаа үүртэхийн сацуу нойр хүрээд байхаар нь бусдаас сэмхэн нуугдаад илүү гэр рүү орж хураасан бараан дээр нь унтаж орхилоо. Аагим халуунд нозоорон сэрж ядах төдийд илүү гэрийн гаднаас хөгшин ээжийн дуу хадаж "Энэ ингээд амиа аргалаад байдаг, нойр ихтэй ажил муутай хүн яаж өөдтэй явах билээ" хэмээн хангинах сонсогдож, нэг их айж ичиж билээ. Одоо хэр нь "амиа аргалаад" гэсэн үг нь чихэнд хоногшиж, энэ үг нь "арчаагүй залхуу" гэсэн тодотгол болон сэтгэлд шингэж авай. "Хожим нь өөдтэй явахгүй" гэдэг хачир нь бас л тунг нь тааруулсан хэллэг.
 
Хэн нэгэн даалгасан ажлыг хийж эхлэх хамгийн хэцүү. Өөрөө хичнээн дургүй байлаа ч "хийх л учиртай, хийх шаардлагатай" тэр ажлыг заавал хүчээр хийх болдог. "Дургүйд хүчгүй" гэгчээр хөдөлж ядаж байгаа сэтгэлийг "заавал хийх ёстой" гэсэн албадлага аажим аажмаар давж гарна. Эхэндээ хэцүү төвөгтэй байлаа ч хийж эхлэх явцдаа хүссэн хүсээгүй "ажил хийх аргаа" олж эхэлдэг. Түүндээ бага зэрэг урамшсан сэтгэл, дууссан хойно нь үр дүнгээ, бас бүтээлээ харахдаа баярлаж урам орно. "Уг нь хэцүү биш л юм байна шүү дээ" гэх бодол, хичнээн дурамжхан байсан ч дараа дараагийн ажлыг хийх хүч болж хувирдаг. Заримдаа нэрэлхсэн, ичсэн сэтгэлээр ажил хийж байхдаа санаанд оромгүй урмыг дагуулж авчрах нь бий. Албадлага заримдаа "хүчирхийлэл" мэт санагдах авч, ямар нэгэн үр дүнд хүргэж байгаа л бол урам өгдөг. Хичнээн хийгээд ч үр дүн нь бүтээл болж мэдрэгдэхгүй л бол хүмүүсийн урам нь хугардаг юм. Дахиад хийхээс ч дургүй хүрнэ.
 
Бид заримдаа залхуурснаасаа болж өнөөдөр хийх гэж байсан ажлаа "маргааш больё" хэмээн хойш нь тавьдаг. Маргаашийн ажил, нөгөөдрийн ажил, түүний маргаашийн ажил нэмэгдэн овоорсоор нэг л мэдэх дор бид өөрсдөө түүндээ үүртэн, сэтгэлдээ бухимдан улам улам ч арчаагүй байдалд орох нь бий. "Өнөөдрийн хийж болох ажлыг маргааш гэж хэзээ ч битгий хойш тавьж бай" гэж аав минь надад сургасан сан. Хааяадаа хойш тавимаар бодогдовч "яг одоо хийчих боломж надад байна шүү дээ" гэж санагдах дор барьж авахаас өөр сонголтгүй. Эхэлсэн ажлаа улайрсаар дуусгахдаа сэтгэл минь ханана. Сэтгэл нэг л хөнгөн. Орой унтахаар орондоо орохдоо хүртэл "зөндөө л юм хийж амжлаа шүү дээ" хэмээн өөрийгөө урамшуулан, сэтгэл амар тайван нойрсч бас сайхан зүүд зүүдлэх. Эгзэгтэй мөчид "би яг одоо хийж амжина шүү дээ" гэдэг бодлоосоо хэзээ ч ухрахгүй байвал, та маш их зүйлийг хийж амждаг. Хийж амжиж байгаа ажил болгон тань танд урам, өөрөөрөө бахархах сэтгэлээс гадна, сэтгэлийн их амар амгаланг авч ирдэг. Өөрөө завгүй, өдөр болгонд хийж бүтээж байгаа ажил болгондоо хүний сэтгэл амардаг, бухимдалгүй тайван, бас урамтай.
 
Бид хүүхдүүдээ хичнээн их хайрлан эрхлүүлж өрөвч сэтгэлээр хандах тусмаа, аажим аажмаар залхууралд сургадаг. "Хэрэггүй ээ миний хүү, чадахгүй, алив аав нь" гэж хэлж байгаа бүхэн тань, "Эвий минь ядарчих вий, хэрэггүй дээ ээж нь" гэж нялуурах тусмаа бид хүүхдүүдээ зөвхөн өөрийгөө бодож "амиа аргалах" араншинд дасгаж байгаа. Одоо ямар мал маллах биш, үүрийн үнэгэн харанхуйгаар босч үнээ ивэлгэх биш, араг үүрч мөрөө холгон байж аргал түүх биш, хаврын хавсрагатай цагаар ямаа самнан ноолуурыг нь түүх биш. Дулаан гэртээ тарвалзаж байгаа хүүхдүүдээ бусдаас илүү "хайрлаж" байгаагаа илэрхийлэн "жүжиглэх" тусам бидний хойч үеийн нэг хэсэг нь арчаагүй залхуу болж байнаа. Өнөө хийж болох ажлаа маргааш гэж хойш тавьсаар, үнгэгдэж хиртсэн хувцсаа дараа угаах гэж хөндий сав руу чулуудсаар хиртсэн хувцас, хиртэй сэтгэлээ "угааж" ч амжихгүй нас өтлөнө. Дандаа л бухимдал, уур уцаар, амьдралд хорсож гомдох үглэл болгон нь залхуурлаас зөндөө хамаардаг. Уг нь бид нүүдэлчин монголчуудын үр сад юм шүү дээ. Өглөөний мандах нарнаас үдшийн бүрий хүртэл мөн ч их ажил амжуулна даа.
Г.Галбадрах

Таны сурталчилгаа