Чөлөөт бөхийн 2019 оны Мастеруудын ДАШТ аравдугаар сарын 10-13-нд Гүржийн нийслэл Тбилисийн “Tbilisi Sports Palace”-д боллоо. 22 дахь удаагийн тэмцээнд 41 орны бөхчүүд өрсөлдсөн бөгөөд манай улсаас 27 тамирчин “А” (35-40 нас), “В” (41-45 нас) “С” (46-50 нас) “D” (51-55 нас), “E” (56-60 нас) гэсэн таван насны ангилалд хүч үзсэн юм.
Сүүлийн өдөр буюу өчигдөр “А” ангиллын 62, 70, 78, 88, 100, 130 кг-ын жингийн барилдаан болж манай зургаан бөх зодоглосноос 78 кг-ын жинд Өмнөговь аймгийн тамирчин, спортын мастер Цэрэнбаатарын Ганзориг ганцаараа хүрэл медаль хүртэв. Тэрбээр тэгшитгэлд ОХУ-ын Рустам Ташуевыг цэвэр, шөвгийн наймд өнгөрсөн жилийн Мастеруудын ДАШТ-ий мөнгөн медальт, нутаг нэгт Б.Лхагвадоржийг 5:2-оор тус тус ялсан ч хагас шигшээд Туркийн Абдулхамит Алтунд 1:1-ээр сүүлийн оноогоор ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Асланбек Эзерхановт 4:5-аар хожигдож яваад цэвэр дарав.
Ийнхүү манай ахмад бөхчүүд Тбилисийн дэвжээнээс хоёр алт, нэг мөнгө, зургаан хүрэл, нийт есөн медальтай эх орондоо ирэхээр болж байна.
ТБИЛИСЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН БӨХЧҮҮД:
Алтан медаль:
1. Дамирангийн Бумбаяр - “D” ангиллын 130 кг
2. Нямжавын Баатар “С” ангиллын 70 кг
Мөнгөн медаль:
1. Шурагийн Баянмөнх - “В” ангиллын 130 кг
Хүрэл медаль:
1. Буяндэлгэрийн Бат - “E” ангиллын 88 кг
2. Гэндэндоржийн Баатарсүрэн - “D” ангиллын 62 кг
3. Жанчивын Хурц - “В” ангиллын 62 кг
4. Байлдагчийн Баянсан “В” ангиллын 78 кг
5. Доржготовын Ганбат - “В” ангиллын 88 кг
6. Цэрэнбаатарын Ганзориг - “А” ангиллын 78 кг