Цаг үеийн мэдээ

Зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэдтэй хийсэн цуврал ярилцлага.

 

Сэтгүүлч, зохиолч. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул.

Монголын түүх, өв соёл, монгол ухааны тухайд нийтлэл, ном бүтээлээ туурвидаг.

Саяхан таны "Өр дарсан нь" өгүүллэгийг уншлаа. Нэг айл дааж давшгүй мэт өрд орчихдог, гэтэл ах дүүс, найз нөхөд нь бужигнаж, найр наадам шахуу юм болж байгаад нэг л мэдсэн өр дарагдчихсан, бүр өртэйгээ ч мартчихсан. Монголчуудын дотоод сэтгэл, мөн чанарыг эргэн сануулсан, сэтгэл өмөлзүүлсэн энэ түүх бодит уу?

Бодит бодит. Чухам бодит түүх учраас л хүмүүст хуучин танилтайгаа учирсан мэт ойрхон байгаа хэрэг. Би бага насныхаа дурсамжинд тод үлдсэнээ, таньдаг мэддэг хүмүүсээ л бичсэн. Мэдээж нэр ус, зарим дүр төрхийг ялимгүй өөрчилсөн.

  • Үнэхээр сайхан. Бид чинь ийм л хүмүүсийн үр хойчис, үргэлжлэл шүү гэж бодоход сэтгэл онгойх шиг болдог. Таны өгүүллийг уншаад монгол хүний мөс, жудаг гэж ийм л зүйлийг хэлдэг дээ гэж дуу алдсан хүмүүс цөөнгүй байсан. Тэр бүү хэл “Бурхнаас хүсэл мөрөөдлөө хүсэж гуй гэвэл ийм л цаг үеийг эргүүлэн авчрахыг хүсмээр...” гэсэн сэтгэгдэл ч бичсэн байна билээ. Ер нь монголчууд бол сүүн зам татуулсан агуу сайхан сэтгэлтэй зон олон гэсэн тодорхойлолттой олонтаа таарч байлаа.  Гэхдээ үнэхээр монголчууд тийм сайхан хүмүүс мөн үү?

Ер нь монголчууд бидний язгуур унаган чанар гэж нэг гайхалтай сайхан юм уг нь байсан юм шүү дээ. Өнгөрсөн цаг дээр ярьж байгааг анзаарсан биз. Өгөөмөр, хүний өөрийн ялгалгүй өрөвдөж хайрладаг, элдэв аар саар юманд шунадаггүй, эд хөрөнгийг тахиж шүтдэггүй, туйлширч шалчигнаж, хийрхэх нь бага голч нуруутай, хоёр нүүр гаргадаггүй, жудагтай, ёстой тэнгэр л нурчихаагүй бол барагтайд хөдөлдөггүй амгалан тайван, болхи хэнэггүй ч юм шиг, ойр зуурын юманд амархан хууртдаг гэнэн тэнэг ч юм шиг атлаа алсын цөлх ухаанаа тавьдаггүй, цаг барих гэх мэт ойр зууртаа итгэхэд бэрх мэт ч уг мөн чанартаа туйлаас итгэл даадаг, гол нь хүнлэг суртхуунлаг зан чанар нь Монгол ахуйтайгаа хоршин нийлээд ер бусын өвөрмөц орчин, сэтгэлгээг бий болгодог байжээ. Мань мэтийгээ элдвээр дүрсгүйтэж, болж бүтэхгүй юм хийхэд “Монголоо алдсан моньд” гэж хөгшид зэмлэдэг байв. Тэр “Монголоо алдсан” гэдэг үгэнд л өнөөх дээр өгүүлээд буй тэр мөн чанараа нэхсэн хатуухан нэхэл цухалзаад байсан хэрэг.

Бидний багад буюу социализмын төгсгөл үед тэр мөн чанар нь юутай ч ямар нэгэн хэмжээгээр байдаг л байж, бид тийм мөн чанарыг харж, харьцаж өссөн учраас ер гайхдаггүй, ердийн байх л ёстой, байдаг л зүйл мэт ойлгодог байжээ. Тэгээд нэг л мэдэхэд өнөөх маань алга болчихсоныг анзаарах үедээ тэрбум тэрбум тонн нүүрсээр солимгүй үнэ цэнэтэй, нандин сайхан өв болохыг нь сая нэг мэдэрч, уйлах багадах, үхэх ихдэхдээ тулж байх шиг. 

Үндэстэн мөн чанараасаа хэдий чинээ холдож хөндийрнө, тэр хэмжээгээрээ өөрийн эрхгүй дотуураа зөнгөөрөө түүнээ үгүйлэн битгэрдэг бололтой. Сураг ч үгүй алсад суугаа ээжийгээ гэнэтхэн их үгүйлдэг шиг л... Өгүүллэгийг олон хүн талархан хүлээн авсан нь чухам энэ зүүд ч билүү, юу ч билээ гэмээр бүүр түүрхэн мэдрэгдээд буй мөн чанараа санаж, мэдэрсэнд л байна гэж бодож сууна. Түүнээс өгүүлэгийн сайнд биш. Сайн өгүүллэг биш шүү.

Ер нь бид чинь нэг тийм өвөрмөц сэтгэлгээ, хандлагатай, соёлтой, түүгээрээ бусад үндэстнүүдээс илэрхий ялгардаг, тэр дундаа өмнөд хөршөөсөө бүр их ялгаатай мөн чанартай үндэстэн байж. Монголчуудын энэ мөн чанарыг таньж мэдсэн бусад зарим үндэстнүүд, тухайлбал, Төвөд, Уйгурууд сайн гэсэн хүнээ Монгол хүн шиг гэж зүйрлэдэг, “Хойт насандаа хүний сайн нь болж Монголд төрөөрэй” гэж хүртэл ерөөдөг байжээ. Тийм байхад харин энэ цагт бид өөрсөддөө итгэхгүй болж байгаа нь харамсалтай, бүр зориудаар итгүүлэхгүй суртал яваад байгаа нь аюултай.

 

  • Та өмнөд хөршөөсөө бид их ялгаатай гэлээ. Ямар ямар ялгаа байна вэ?

 

Сүүлийн нэг жилд нөгөөх Нобелийн шагнал авдаг Мо Ян, бас Үй Хуа, Лю Цы Синь, Ма Жиан, Ли Жи Циан, Ин Шүэ Юүн гээд хятад зохиолчдыг л голдуу уншлаа. Ер нь хятадууд биднээс бүхий л талаараа хол тасарч байгаа нь улам хүчтэй мэдрэгдэх болов. 30 жилийн өмнөх Эрээн ямар л юм байлаа, хэдэн шавар тагз, 00 нь нэг сувган дээр ар араасаа эр эмгүй нүцгэн тонтгор өгзгөө харан эгнэж сууж байгаад авчихдаг, өвөлд угаадсан дээр нь хальтраад, зунд нь өмхий ханхлаад монгол хүн явахад бэрх газар байлаа. Дэргэд нь манай Замын-Үүд чинь боловсон 00-той зочид буудалтай, ресторантай, вокзалтай, сургууль, цэцэрлэгтэй, соёлын төвтэй тов хийсэн орчин цагийн хөөрхөн суурин байв. Одоо манайх элсэнд дарагдаад, эсрэгээрээ цаахна талд нь орчин цагийн хот босож ирлээ. Энэ эрс ялгаатай байдал нь Хятадын хөгжил, манай хоцрогдлын толь, жижигрүүлсэн загвар.

Энэ мэт үзэгдэх ахуй дээр төдийгүй оюуны салбарт ч биднээс хол түрүүлчихсэн нь орчин цагийн хятадын уран зохиолын чанар чансаа юм. Тэдний элдэв хээнцэрлэл, хэлбэр хөөцөлдөөгүй, энгүүн атлаа хүчирхэг бичлэг, утга санааны төгс илэрхийлэл нь заримдаа үнэхээр уур хүргэх юм. Атаархаад байгаа ч юм уу, эсвэл өөрсдийнхөө байж байгааг харахаар дур гутаад бухимдаад байгаа ч юм уу, мэдэхгүй, юутай ч дотор нэг юм болж өгөхгүй байна.

Ер энэ хятад зохиолчдод нэг нэн нийтлэг хэв шинж байна. Тэр нь ямар ч тохиолдолд хятад хүн, хятад ахуйндавтагдашгүй онцлог л гарах юм. Ер нь хятадууд хаа очсон газраа хятад болгодог аюултай. Одоо голт зүрхэндээ хятад хороололгүй дэлхийн томоохон хот гэж бараг л байхгүй дээ. Тэр нь утга зохиолд нь хүртэл илт мэдрэгдэх.

Харин манай урлаг, уран зохиолд бол өмссөн хувцас нь монгол, нэр нь монгол, ахуй нь монголжуу боловч мөн чанараараа монгол биш, глобал космополит дүрүүд л голчлон гардаг. Нэрийг нь, ахуйг нь сольчихвол вьетнам ч, орос ч, хятад ч, америк ч хүн болгочихож болмоор дүрүүдтэй. Заримдаа ч бүр монгол нэр ч үгүй, ерөөс хэн болох нь ч мэдэгдэхгүй нөхдүүд гарна. Тэрбум хүнтэй, глобалчлалд магнайлж яваа хятад зохиолчид тийм зүйл бичиж буй бол болно, харин бүхий л талаараа сууриншилд бүслэгдэн шахагдаж буй 3 сая нүүдэлчин монгол зохиолч тийн бичнэ гэдэг нэг ч их сайхан юм биш ээ. Гэтэл бодит нөхцөл байдалд хятадууд нь хятад мөн чанараа бичиж, бид космополит мөн чанар түлхүү бичицгээж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хоцрогдоод, төөрөлдөөд байна л гэсэн үг.

  •  Яагаад та космополит дүр бүтээх нь хоцрогдол гэж хэлэх болов, харин ч эсрэгээрээ бид дэлхийн хүн болцгоож байгаа хэрэг биш үү?

Чи спортод ойр байдаг хүн. Тамирчин хүн өөрийн хүч нөөц, онцлог давуу талыг мэдрэх нь амжилтанд чухал гэдгийг сайн мэднэ. Бяртай бол бярдаж, үетэй бол отож барилдвал илүү. Бас сэтгэлзүйн төлөв хандлагаа ч мэдэх хэрэгтэй. Тийм биз. Үндэстэн ч мөн адил. Өөрсдийн онцлог мөн чанараа танин мэдэхгүйгээр хөгжлийн загвараа, үзэл санаагаа зөв тодорхойлж чадахгүй. Бидний сүүлийн 30 жилийн будилаан үүнийг нотолно. Гаднаас баахан загвар, онол авчраад хусчихсан. Тулгаад тулгаад загварчилчихсан... Урагшаа явдаггүй, хий эргэчихсэн.

Уран зохиол ч мөн адил, дахин давтагдашгүй онцгой өвөрмөц монгол мөн чанараа барьж, тэмтэрч байж л туурвихгүйгээр бид дэлхийд гарахгүй. Нобель авахгүй л болов уу.Дэлхийд гайхуулах зүйл бидэнд уг нь хангалттай бий. Гэхдээ нобель авах нь зорилго биш, харин үндэстнийхээ оюун санааг урлах нь зорилго.

Хятад заримын нь бичлэгээс бүр хятад ахуйн өмхий сэнгэнэх шиг, тийм үнэн натур бичиж чадаж байна. Ялангуяа тэр Ин Шүэ Юүний “Авга ах” романаас бол хятад хүний мөн чанар, эрхэмлэл маш тодорхой анзаарагдаж мэдрэгдэнэ. Тэр нэг цусан төрөл биш ч харь холоос зорьж ирдэг хүнтэй гэдгээ харуулах гэсэн эрмэлзэл нь угтаа зүгээр л ядарсан тосгоныхоноосоо онцгойрон, хүндлүүлэх, гайхуулах гэсэн өрөвдөм хүсэл, нөгөө талаас зөвхөн тусламж, дэмжлэгт л зорьж ирдэг өнөөх авга ах, гэвч тэр харьцаа нь явсаар мөчиг тачиг, хүнд хэцүү амьдрал дунд үр хүүхдийнх нь оюун санааны цор ганц гэрэл гэгээ, тэжээл, эрч хүч болсон тухай гээд элдэв гоёчлолгүй, үнэн, шулуун шударга өгүүлж.

Тэгээд л энэ мэт хятад хүний мөн чанарыг харуулсан зохиолуудыг уншиж байгаад, бүр шар хөдөлж, монгол хүний мөн чанарыг харуулсан ямар нэгэн юм бичмээр санагдсан хэрэг. Мэдээж хэрэг хангалттай хэмжээнд бичиж чадаагүй ч жаахаан бултайлгаж чадсан байх.

Ер нь бид чинь түүхэндээ их цөөхөн ард түмэнтэй харьцаж ирсэн улс шүү дээ. хятад, орос, солонгос, уйгар, тангуд, манж, киргиз, түрэгүүд, за ер нь ингэсгээд л... Орчин цагийн олон улс орон биш шүү, тэдний чинь олонхитой 30 жил, их сайндаа 60 жил л харьцаж байгаа. Оростой бол 800 гаруй жилийн өмнөөс харьцаж, сүүлийн 70 жилд нэлээд ойр байж, зан зангаа авалцаж. Бусадтай нь орон гаран, янз бүрийн түвшинд байв. Ер нь оросууд мөн чанарын хувьд монголчуудтай хамгийн ойр үндэстэн санагддаг. Магадгүй өнөөх оросыг маажвал цаанаас нь татар цухуйдагтай ч холбоотой байж мэднэ. Манж нартай нэлээд удаан харьцсан. Бүр Киданаас ч өмнө байж мэднэ.Толгойд нь зүрчид угсааныхан байсан Тан улсын үед бид тэдэнтэй ямар нэгэн байдлаар харьцаж л байсан байж таарна. Дараа нь Зүрчидийн Алтан улстай юу болж байсныг сайн мэднэ. Ядаж л манай хаадыг хэрхэн устгадаг байсныг...Харин Манж Чингийнхэнтэй хэрхэн харилцсаныг сайн мэдэх юм шиг атлаа үнэхээр сайн мэддэггүй. Гэхдээ юутай ч манж нарыг сайтар таньж мэдсэн, одоо “манж зан”, “манжлах” гэх мэт үг хэллэгийн утга учрыг бид сайн мэднэ шүү дээ. Өөрөөр хэлбэл манж, зүрчид хүмүүст нэг тийм нэгийг бодоод, өөрийг илэрхийлдэг унаган шинж илэрхий байж.

Харин ганцхан хятад гэдэг үндэстэнтэй л монголчууд бид бүхий оршин амьдарсан хэдэн мянганы түүхэндээ туж тасралтгүй харьцаж ирсэн, тиймээс хятад хүний мөн чанарыг бусдаас илүү сайн мэддэг, тэднийг харж, өөрсдийнхөө өвөрмөц мөн чанарыг ч ялган тодорхойлдог байж.

Хятад хүн гарын бэлээр,

Монгол хүн амны билгээр... гээд хэлээд захиад үлдээчихсэн л ард түмэн шүү дээ. Энэ хоёр үгэнд энэ хоёр үндэстний язгуур мөн чанар, гүн ухаан, ахуй, сэтгэлгээ бүхэлдээ багтсан. Өнөөх үхрийн махыг давсганд нь багтаадаг шигээ л манай дээдэс хоёр үгэндээ хорвоог багтаачихдаг улс.

  • Монгол, хятад хоёр үндэстнийг ялгаатай болгодог онцлог шинжүүдээс зарим нэгийг дурдвал...?

Жишээлбэл, хээгүй гүдэсхэн гэдэг тодорхойлолтыг хятад хүн дээр тавиад үз. Яагаад ч таарахгүй. Яахав, мэр сэр хятад хүнээс тийм ааш араншин цухалзаж болох ч нийтлэг биш юм. Алив үндэстэнд бүхий л сайн муу төрхүүд холилдон байх ч бид нийтлэг, илүү давамгай байдаг шинжийн тухайд ярьж байна шүү дээ. Тэр хээгүй гүдэс гэдэг тодорхойлолт чинь монгол хүн дээр л жинхэнэ зохино. Магадгүй, орос ч юм уу, америк хүнд тийм хээгүй, гүдэсдүү шинж анзаарагддаг ч монгол эр хүний унаган шинжтэй харьцуулах аргагүй. Гэхдээ хээгүй гүдэс зан мунхаг харанхуйтай хосолбол адгийн болхи бүдүүлэг болно, харин цөлх ухаан, уужуу сэтгэлтэй хосолж байвал бахархал мөн. Ер нь монголчуудын сэтгэлгээ аливааг бүхэлтгэж, ерөнхийлж хардаг тун өвөрмөц онцлогтой.

Харин эд баялгийн тал дээр харилцагч ньаав, ээж, анд найз гээд хэн байхаас үл хамаарах хатуу чанд, бүр яхир тооцоотой, түүнд онцгой анхаарч, өндөр үнэлдэгзан чанарыг маш тод онож илтгэсэн монгол үг ч байхгүй.Яахав, харамч, хахир, нарийндаа хатсан, хорголоо тоолсон адгийн новш, бирд гэх мэтээр бид тийм чанарыг яаж ийгээд илэрхийлнэ. Гэхдээ эдгээр үгсээр монгол хүний унаган мөн чанарыг тодорхойлох боломжгүй. Яагаад гэвэл тийм мөн чанарыг сайн зүйл биш гэж үздэг нийтлэг хандлага бидэнд бий. Тэгэхээр тийм үгс дандаа муучилсан шинжтэй байгааг анзаарч байгаа биз. Яахав, тийм хахир, харамч хүмүүс монголчууд дунд бий, сүүлийн үед ихэссэн ч байж магад, гэхдээ энэ бидний нийтлэгязгуур мөн чанар нь биш юм.

Сэтгэл санаагаар унаад, эрч хүчгүй болоод, урвайчихсан нэгнийг “Өр алдсан хятад биш дээ” гэдэг байлаа. Нэг тийм, нийтлэг зүйл хятадуудад байдаг болоод л энэ “Өр алдсан хятад” гэсэн хэллэг гарсан хэрэг. Дээрх миний уншсан гэх зохиолуудаас ч тийм шинж тод мэдрэгдэж байна. Гэх мэт нэн ялгаатай хоёр ертөнц, аль алинд нь сайн тал ч, бас муу талууд ч бий. Гол мөн чанар нь тэр гарын бэл, амны бэлгэ юм.

Бүр саяхан болтол хятадууд цагаан идээ иддэггүй, угаасаа ч байхгүй байв. Одоо л сүү ууж сурцгааж байгаа ард түмэн. Бид ч мөн адил мөн саяхан болтол ногоо идэж чаддаггүй байв. Намайг дунд сургуульд байхад дотуур байрны хүүхдүүдэд, байцаа төмстэй хоол хийгээд өгөхөөр, ногоог нь ялгаад ширээний булан дээр овоолчихдог л байв. Нэгдлийн гишүүдэд өгсөн 70 килийн шуудай төмсийг өвөлжөөнийхөө хөлд асгачихсан, өнөөх нь хөлдөөд, мал нь хүртэл тоож иддэггүй, хаварт ялзардаг үе байлаа. Угаасаа ч бид ногоо тариад сүйд болж байсангүй, саяхнаас л ногоо идэж сурч байгаа гэх мэтчилэн. Гэтэл энэ иддэг уудаг юмыг чинь дагаад соёл, сэтгэлгээ хүртэл ялгараад ирнэ шүү дээ.

  • Монголчууд бидний язгуурт мөн чанар ямар байсан тухай янз бүрийн цаг хугацаанд монгол орноор аялсан европын голдуу жуулчдын тэмдэглэлд их тодорхой туссан байдаг. Бүр Плано Карпини нараас эхлээд л, Пржевальский, Козлов, Рамстед гээд... Найрсаг, зочломтгой талаар бараг хүн бүр шахам бичиж үлдээсэн санагдана.

Тийм тийм, тэр найрсаг зочломтгой зан чанар чинь бидний маш онцгой нийтлэг шинж мөн. Хэн нь билээ нэг барууны нөхрийн тэмдэглэлд байдаг, түүний замд эр,эм хоёр таарчээ. Нэг ч ганзагалаа, ачаагүй яваа тэр хоёр их алсад байх хүрээ хийд зорьж яваа гэнэ. Өнөөх аялагч “Ингэхэд та хоёр яаж тэр алсад хоол хүнс, аяны бэлтгэлгүй явж байгаа юм бэ?” гэж гайхан асуусанд “Замд дүүрэн айлууд бий шүү дээ” гэж хариулж. Мэдээж тэр хоёр тэдгээр замын айлуудыг огт танихгүй. Гэвч таних танихгүйгээс, сайн муугаас нь үл хамааран аяны хүнийг байгаа бүхнээрээ дайлдаг ёс монголчуудынх. Тэр нүүдэл аяныг тосоод цай, боовоо бариад гүйдэг чинь саяхан хүртэл байсан юм шүү дээ. Одоо чухам ямар байгааг мэдэхгүй байна. Хөдөөд энд тэнд мэр сэр бий л байх.

Зуугаадхан жилийн өмнө манай баруун Алтайгаас Богдод мөргөнө гээд хүүхдээ арганд хийж үүрээд аянчид дагаад явган таваргачихдаг байсан байгаа юм. 1000 гаруй км газар шүү дээ. Ямар нэгэн хоол, хүнс, хөнжил гудас авалгүйгээр шүү. Нялх хүүхэдтэй, явганаар сар хагас яваад Хүрээ ордог, эргээд бас сар хагас явдаг байсан гэж байгаа. Өвс зулгааж, чулуу хүлхэж тэр холыг туулахгүй нь мэдээж, өнөөх л монгол ахан дүүсээрээ орж, гол дэвтээж, хоног төөрүүлж явсаар Хүрээ ороод ирдэг л байж дээ.

Монголчуудын хувьд хаалга үүд нь ихэнхдээ цоож цуургагүй байж. Аяны хүн эзгүйд нь ирээд цоожтой хаалга мөргөх вий гэхээс хаалгаа уяагаар нь домноод орхидог. Уяхгүй бол салхи савирт нээгдэнэ, нохой шувуу орно шүү дээ. Түрүү жилийн зун Алтайн нурууны зоон дээр тэнэж яваад, гэнэтхэн туйлаадастай таарч, хадны нөмөр, модны оёор хайж яваад айлын бараа харсан юм. Гүйгээд очтол гэр нь эзгүй. Уяаг нь тайлж ороод, цайг нь ууж, эрэгнэгийг нь онгичиж, боов, зөөхийг нь олж жаал цохиж аваад, бороо намдахыг хүлээгээд хэвтэж байтал унтчихаж. Оройхон гэрийн эзэд ирэхэд л сэрлээ. Гэтэл гэрийн эзэгтэй хүн хүлээж байхаар ханын нүдэнд бэлэн мах байхад, аваад чанаж хоол хийгээд идэхгүй, өдөржин хоосон хэвтээд, юун ч нэрэлхүү юм гээд бүр намайг загнах шинжтэй. Тэгээд цайлуулж, дайлуулж аваад явахдаа “Маш их баярлалаа” гэсэн чинь “За юун сүртэй юм” гэж байна. Энд бас нэг зүйл анзаарагдаж байгаа биз. Аян замын хүнд, ерөөс монголчууд нэг нэгэндээ тус болохоо хариу талархал хүлээх ёстой зориудын ухамсарласан үйлдэл биш, харин зүй ёсны өдөр тутмын ердийн хэм хэмжээ гэж үздэг сэтгэлгээ юм. Энэ онцгой шүү, барууныханд бол их соёлгүй, нэг нэгэндээ баярлаж талархаж ч мэдэхгүй мэт санагдаж мэднэ. Хийх л ёстой зүйлээ хийснийхээ төлөө хариу талархал хүлээнэ гэдэг монголчуудын хувьд ёстой “Юун сүртэй юм” байна. Би ч дотроо монгол түмнийхээ тэр сайхан уламжлалд залбираад л явлаа. Одоо бол хот суурин газарт хандлага эсрэгээрээ болсон. Хэрвээ тусыг чинь авсан хүн чамд ямар нэгэн байдлаар хариу талархалаа илэрхийлэхгүй бол уурлаад сүйд болж мэдэхээр. Тэнэг хөлдүүгээр нь дуудааж яаж л байх бол. Ер нь маний багад хот суурин газар чинь хүнийг их эвддэг эвгүй газар юм гэж хөгшчүүл ярьдаг байлаа. Өнөөх өөрсдийнх нь унаган шинжид хот суурингийн соёл харшилдаг учраас л тэгээд халаглаад байсан хэрэг.

Одоо ч монголчууд айлд зочлохдоо огт урьдчилж хэлэхгүй, гэнэтхэн хүрээд л ирдэг нь хэвээрээ шахам. Энэ чинь нөгөөх ямар ч үед хүлээж авдаг зочломтгой зантай нь холбоотой шүү дээ. Нөгөөдүүл нь ч баярлаад л угтана. Гэрт нь орж ирсэн хүн таньдаг, таньдаггүй хамаагүй, бүр асуухгүйгээр заавал суулгаж, цай барьж, таваг тавьдаг нь ёс. Айлд орж ирсэн бол заавал сууна. Ядахдаа тавагтайгаас юм авч амсана. Монгол хүн байна даа, аяга цай амсчихаад гардаг байгаа даа гэнэ. Энэ “Монгол хүн байна даа” гэдэгт их өвөрмөц сэтгэлгээ бий шүү. Зогсоогоороо цай хоол барихыг бүр цээрлэнэ. Гэтэл өөр улс оронд тийм ёс тэр бүр байдаг уу? Ихэнхдээ та юм уух уу? гэж асууна. Сандал тавьж өгөхгүй ч байж мэднэ, бас гэрт нь орсон бол эзний нь зөвшөөрөлгүйгээр хоймор өөд нь тэр бүр зүтгэхгүй гэх мэт... Манайд бол “Өөдөө, өөдөө” л гэнэ.

Хоёр өөр соёл, үзэл хандлага, үнэт зүйл. Монголчуудын онцлог өвөрмөц шинжүүд энэ мэт олон бий.

Гэхдээ одоо цагт, ялангуяа хот суурин газарт айлд урилгагүй ирчихээд, залхтал сууж, ажил алдуулдаг нь харин ч тэнэглэл, бүдүүлэг явдал. Шаардлагагүй үед хов жив, ойр зуурхны төлөө айл хэсүүчилж явдаг хүмүүсийг “ажилгүй хүн айлсаг”, “залхуу хүн завсаг” гэх мэтээр монголчууд элэглэн шоодог байсан. Энэ мэт бүдүүлэг болхи сэтгэлгээ хандлагыг монголчуудын зочломтгой зантай хольж хутгаж, бүдүүлэг муухай ёс заншил гэж хэлж болохгүй. Шаардлагатай үед хэн нь хэн бэ гэхээс үл хамааран нэгэндээ боломжоороо тус дэм болдог ёс бол ер эрдэнэс мэт сайхан ёс юм шүү дээ. Тиймээс ч дээдэс маань “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гээд хэлээд үлдээчихсэн.

  • Монгол хүн бас их нутаг амьтай гэдэг шүү дээ?

Саяхан 100 эрхмээр Лувсангомбо гуай ярьж байна билээ. “Ээ, энэ нутаг гэдэг чинь ээж л юм байна шүү дээ” гэж. Газар нутгаа эхтэйгээ зүйрлэж сэтгэдэг, хайрладаг ард түмэн тэр бүр өөр байдаг эсэхийг нь мэдэхгүй юм. Монгол хүн, монгол морь хоёр шиг нутаг гүймтгий амьтан ховор. Монгол морь гэдэг амьтан чинь хэдэн мянганы цаанаас нутаг гүйдэг. Дэлхийн II дайны үед Орос-Германы фронтод явуулсан морь хоёр гурван жилийн дараа гүйгээд ирсэн, Вьетнам-Хятадын дайны үед Вьетнам явуулсан морьд олноороо гүйгээд ирсэн л байдаг. Нутаг гүйж яваа адууг саатуулдаггүй, сүү өргөж өнгөрөөдөг уламжлал ч байв. Тэр нутгаа гэсэн сэтгэл, эрмэлзэл, зоригт нь бахархаж, хүндэлж, хайрлаж буй хэрэг шүү дээ. Ганц адуу ч биш, тэмээ, үхэр ч нутаг айхтар гүйдэг. Монгол үхэр нэг салхи үнэрлээд явчихаараа зогсоно гэж байдаггүй, хөөж гүйцээд эргүүлээд туух гэхээр, ташуурдаж, шавхуурдаад байхад л дальдичсан хэрнээ нулимс нь мэлтрээд л эргэж зүтгээд байдаг юм. Тэгэхээр уул ус гэдэг юм чинь бүр монгол хүнийг бүү хэл монгол малыг ч нэг цаанаасаа соронзон мэт ер бусын хүчээр даллан дууддаг юм байна. Яг л ээж шиг тийм хүчтэй татдаг байх нь. Нэг тийм хүйн холбоо байна аа байна, яах ч аргагүй. Одоо хүн амьтаны биеийн усны бүтэц эхэлж амссан усныхаа бүтэцтэй адилхан байдаг тухай яриад л эхэллээ. Магад ч үгүй.

Манай уламжлалд чинь нүүхдээ шаасан гадсаа сугалж аваад, нүхийг нь дүүргээд явдаг байж. Юун ухаж төнхөх вэ. Ус голын эх ундрагад мөргөдөг, элдэв бохир халбага шанага авч очдоггүй, уулын орой, зоо дээр бие засдаггүй гээд байгал эхтэйгээ харьцдаг соёл маш өргөн дэлгэр, нэг талаар бүр залхмаар ч юм шиг. Энэ чинь чухам өнөөх ертөнцийг таньсан танин мэдэхүйтэй нь шууд холбоотой.

  • Таны өмнө хэлж байсан ертөнц бүхэлдээ нэг цул юм гэж сэтгэдэг сэтгэлгээний илрэлэнэ мөн үү?

Тийм юм. Бүр нарийвчилья. Монгол хүн аавыгаа тэнгэртэй, ээжийгээ газар дэлхийтэйгээ зүйрлэдэг нь зүгээр нь гэнэн домгийн сэтгэлгээ биш юм аа. Бид чинь Тэнгэр эцэг гэдэг, Газар эх гэдэг. Хүний сүнс тэнгэрээс эцэгт ирдэг, тэгээд эцгийн үрийн сүнгээр дамжин эхийн алтан хэвэлд өлгийдүүлдэг. Тэгээд эх хэвэлдээ энэ газар дэлхийн шимээр тэтгэн тэжээж биежүүлээд төрүүлдэг. Тэнгэрийн төлөөлөл нь эцэг, шимээр тэтгэж тэжээдэг газар дэлхийн төлөөлөл нь эх юм. Бидний уламжлалт сэтгэлгээ энэ. Тиймээс монголчууд эхийн хэвэлд үр бүрдсэн цагаас л хүн бий боллоо гэж үзэж нас тоолдог шүү дээ. Түүнийг хий нас гэдэг. Бусад газарт бол эхийн хэвлээс гараад, нүдэнд харагдаж, гарт баригдсан хойно л сая хүн байна гэж итгэж үнэмшиж байгаа юм. Ихээхэн ялгаатай сэтгэлгээ, ялгаатай танин мэдэхүй байгаа биз. Тиймээс эхийн алтан хэвэлдээ байгаа хүүхдийг хүний тоонд тоолдог, жирэмсэн эмэгтэйг ихэд хүндэлдэг, өмнүүр нь гарахыг цээрлэдэг, өөрөөр хэлбэл хоёр хүн яваа учир хүндэтгэдэг, тэр хэвэлд буй хүүхдийн амьдралын замд хөндлөн зураас үлдээхгүйг эрмэлздэг бэлгэдэлт сэтгэлгээ тэр. Эхийн алтан хэвэлд байгаа ургийг хөндөх нь хүн алж буй хэрэг гэж үздэг байжээ. Одоо бол тэр аборт гэдэг юмыг эх захгүй хийдэг болсон нь монгол уламжлалт сэтгэлгээгээр бол зүгээр л шууд аллага юм. 90 он гарснаар нэг сая орчим аборт хийсэн тухай мэдээлэл байсан. Аймшиг.

  • Монгол хүн бас эцэг эхээ шүтдэг ёс бас бий байх аа?

Бий бий. Эцэг эхээ л шүтэж яв, ямар ч шүтээнийг бүрнээ орлоно гэсэн хууччуул ярьдаг байлаа. Дээр дурдсан даа, эцэг хүн Тэнгэрийг төлөөлж, эх хүн Газар дэлхийг төлөөлж буй учир эцэг, эхээрээ дамжуулаад Тэнгэр, газрыг шүтэж буй хэрэг, өөрөөр хэлбэл арга, билгийн ёсонд, ертөнцийн түгээмэл агаад гуйвшгүй зүй тогтолд, монголчуудынхаар бол жам ёсонд мөргөж залбирч буй хэрэг

Таны сурталчилгаа