Цаг үеийн мэдээ

Даамын 1986 оны улсын аварга, спортын мастер Ж.Нямдорж агсны нэрэмжит ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-13-нд боллоо. 27 дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнд нийт 46 даамчин өрсөлдсөн. Ийн эрэгтэйчүүдийн 51-64 насны ангилалд 16 даамчин Швейцар системээр 7 өрөг тоглоход ДДХМ Д.Ганболд (“Энэрэл” клуб) 11 оноогоор аваргалж, спортын мастер Л.Гансүх (БЗД), спортын мастер Д.Чойжилсүрэн (“Сонгодог байрлал” клуб) нар 10 оноогоор удааллаа. Д.Ганболдын хувьд хоёр жил дараалан улсын аваргын алдрыг хүртэж байгаа аж. Тэгвэл эрэгтэйчүүдийн 65-аас дээш насны ангилалд 20 даамчин ухаанаа уралдуулж, дэд мастер Ц.Батхүү (БЗД) 12 оноо авсан амжилтаар анхны түрүүгээ хүртэж, өнгөрсөн жилийн аварга спортын мастер П.Бат-Очир (БГД) 11 оноогоор мөнгө, тус тэмцээний 5 удаагийн аварга спортын мастер Т.Пүрэвдорж (Монгени) хүрэл медалийн эзэн болов.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд 10 тамирчин Швейцар оноолтын дагуу 6 тавил өрсөлдсөнөөс дэд мастер Д.Отгонцэцэг (ЧД) түрүүлж, дэд мастер Д.Мөнхзаяа (Баянхонгор) удаалсан. Тэд адилхан 10 оноотой гарсан бөгөөд коэффициент буюу нэмэлт үзүүлэлтийн давуугаар Д.Отгонцэцэг улсын аварга даамчнаар шалгарсан. Хүрэл медалийг хамгийн ахмад оролцогчдын нэг 77 настай М.Бумбааш (Дорноговь) хүртсэн бол тусгай шагналыг дэд мастер Ц.Эрдэнэдалай (СХД), Н.Ядамдорж (Архангай), Х.Цэрэндаш (Дархан-Уул), I зэргийн тамирчин М.Дамдинсүрэн (БЗД), А.Оюун (БЗД) нар хүртэв.

Мөн түргэн тоглолтын тэмцээнд 29 тамирчин өрсөлдөж, ДДХМ Д.Ганболд (“Энэрэл” клуб), спортын мастер Р.Цэнд (БЗД), Л.Гансүх (БЗД) нар эхний гурван байр эзэлжээ.











Таны сурталчилгаа