Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын газруудын үйлчилгээний соёлыг сайжруулж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн ая тухтай орчныг бүрдүүлэхээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар өнөөдөр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг, Хот тохижилтын газрын орлогч дарга С.Батбаатар нар мэдээлэл хийлээ.
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан “Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор худалдаа, үйлчилгээний байгууллагууд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр чөлөөтэй, үнэ төлбөргүй үйлчлэх талаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны есдүгээр сарын 30-ны өдрийн А/995 дугаар захирамж гарсан. Захирамжийг хэрэгжилтийг хангаснаар үйлчлүүлэгчдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхийн зэрэгцээ орчны бохирдол, хөрсний бохирдол буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлж, халдварт өвчин дамжин тархах эрсдлийг бууруулж, хүн амын эрүүл мэндэд бодитой хөрөнгө оруулалт болох юм. Хэрэв аж ахуйн нэгж байгууллагууд захирамжийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.17-д зааснаар иргэнийг 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр, харин аж ахуйн нэгжийг 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгож, хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт бий. Уг нь хуулийн хүрээнд үйлчилгээний байгууллагууд маань стандартын шаардлага хангасан үйлчилгээ үзүүлэх ёстой ч хэрэгжилт нь муу байна. Үүнийг эрчимжүүлэх үүднээс Засаг даргын захирамж гарлаа” хэмээв.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд иргэдэд ариун цэврийн өрөөгөөр үнэ төлбөргүй үйлчлэх тухай захирамжид тусгасан. Улаанбаатар хотын хэмжээнд худалдаа, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 1150, ахуйн үйлчилгээний чиглэлээр 3600 гаруй аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ захирамжийн хүрээнд эдгээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд нь иргэд, олон нийт, үйлчлүүлэгчдэд ариун цэврийн өрөөгөөр үнэ төлбөргүй үйлчлэх ёстой. Мөн эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үйлчлэх нь эрүүл ахуйн тухай хуулиар ч зохицуулагдсан байдаг” гэсэн юм.
Худалдаа, үйлчилгээний газрууд иргэд, үйлчлүүлэгчдэд ариун цэврийн өрөөгөөр үнэ төлбөргүй үйлчлэхгүй байгаа тохиолдолд та Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дуудлагын 70128012 утсаар мэдэгдэж, гомдол гаргах боломжтой.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс