Цаг үеийн мэдээ

Коронавирусийн халдварын эсрэг дэлхий нийтээр анхаарал хандуулж, болгоомж сэрэмжтэй байх энэ өдрүүдэд болчимгүй үйлдлүүд мэр сэр гарсаар байна.

 

АНУ-ын Техас мужийн “Walmart” сүлжээ дэлгүүрийн хөргөгчнөөс зайрмаг авч долоочихоод буцаагаад тавьсан залууг баривчилж, 30 хоног хорих шийтгэл оноожээ. Түүнд хорих ялаас гадна зургаан сарын тэнсэн харгалзах ял, 100 цаг олон нийтэд тустай ажил хийх, 1,000 ам.долларын торгууль оноосон байна.

 24 настай Д’Адриэн Андерсон гэгч зайрмаг долоож буй бичлэгээ хөгжилдөх зорилгоор цахим сүлжээнд тавьсан байна.

Түүнийг ийм бичлэг тавьсны дараа өсвөр насны охин ижил бичлэг хийж цахим сүлжээнд байршуулжээ. Охины бичлэг 13 сая хүнд хүрсэн байна.

Шүүхээс Андерсоны энэ үйлдлийг бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлсэн гэж үзжээ.

Андерсон аавтайгаа удалгүй дэлгүүр лүү очиж, долоосон зайрмагаа худалдаж авсан гэдгээ батлахын тулд баримтаа үзүүлсэн ч “Blue Bell Creameries” зайрмагны үйлдвэр хөлдөөгчинд байсан өөрийн нэрийн бүх зайрмагийг шинээр сольж тавьсан байна.

Сольсон зайрмагнууд бүгд нийлээд 1,565 ам. долларын үнэтэй болжээ.

Таны сурталчилгаа