"Хөдөө аж ахуйн хоршоод-2019” үзэсгэлэн худалдааг ХХААХҮЯ, “АДРA” ТББ, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран “ЛАВАЙ” худалдааны төвд 2019 оны 11-р сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаанд 16 аймгийн 49 хоршоо мах махан, сүү цагаан идээ, хүнсний ногоо, даршилсан ногоо, гар урлал, хувцас эдлэл зэрэг 11 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна.
Үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2019.11.15/ болж, ХХААХҮЯ-ны ЖДҮХБЗГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, Адра Олон улсын байгууллагын менежер Г.Цэцгээ, МХҮНХ-ын гүйцэтгэх захирал Л.Мягмар-Очир нар оролцож хоршоодын бүтээгдэхүүний дээжистэй танилцлаа.
Тус худалдааг хоршоод хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, хоршоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, дундын зуучлагчгүйгээр ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд нийлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.