АНУ-ын Вашингтон хот дахь “Ази Америкийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-тай манай улсын “Монгол Брэнд Холбоо” Төрийн Бус Байгууллага хамтран “АМЕРИКТ ЭКСПОРТолъё” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд “Ази Америкийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-ийн зөвлөхүүд АНУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлох хүсэлтэй 30 компанийн төлөөлөлтэй биечлэн уулзалт хийж тус улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлоход хууль эрх зүйн хүрээнд юун дээр анхаарах, IPO гаргахад анхаарах зүйлс болон экспорт хийхэд ямар боломж буй талаар сургалт хийн, зөвлөмж өгөх юм.
Тэдгээр 30 компанийн төлөөлөлтэй АНУ-аас ирсэн зөвлөхүүд хоёр шаттай уулзалт хийх товтой. Эхний шатанд оролцогч 30 аж ахуйн нэгж тус тусдаа 4 зөвлөхтэй нүүр тулж компанийхаа танилцуулга, бодит нөхцөл, ямар боломж хүсч байгаагаа багаараа 15 минутын турш танилцуулан, 25 минутын турш харилцан асуудлаа ярилцах юм. Энэ 40 минутын хугацаанд зөвхөн 4 эксперттэй уулзана. Өөрөөр хэлбэл, хаалттай хэлбэрээр буюу зөвхөн аж ахуйн нэгж+эксперт л уулзалтад оролцоно. Өөр гадны хүн оролцохгүй онцлогтой аж.
Дараагийн шатанд 30 компаниасаа хамгийн өндөр үнэлгээ авсан арван компанийг сонгон төлөөллүүдийг нь АНУ-д урин Вашингтон хот дахь “Ази Америкийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-ын гишүүдтэй уулзалт зохион байгуулж, харилцаа холбоо үүсгэн, хамтын ажиллагааг бий болгох боломжийг нээж өгнө. Энэ бол бодит боломж. Үүнээс гадна сонгогдсон 10 компаниас 3 компаний бүтээгдэхүүн боловсруулалт, үйлдвэрлэлийн явцтай нь биечлэн танилцана. Манай улсын уул уурхайгаас бусад салбарынхан Америкийн зөвлөхүүдтэй өөрсдийн бүхий л асуудлаа нүүр тулан ярьж, гарц хайх, ямар дэмжлэг хүчс байгаагаа ний нуугүй ярих алтан боломж бол “АМЕРИКТ ЭКСПОРТолъё” сургалт уулзалт гэж зохион байгуулагчид онцолж байна.
Чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш Монголын компаниудад ийм боломж хэзээ ч олдож байгаагүй. Мэргэжлийн зөвлөхүүд ирж судалгаа хийж, АНУ-д бараа бүтээгдэхүүнийг ЭКСПОРТлоход мэргэжлийн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулан, цаашид АНУ-ын бизнес эрхлэгчидтэй холбон, тусгай хөтөлбөр бүхий дэмжих арга хэмжээ өмнө зохион байгуулагдаж байгаагүй юм. Тиймээс АНУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ ЭКСПОРТолох зорилготой компанийн төлөөллүүдийг урьж байна.
Уг арга хэмжээ арваннэгдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулагдах юм. Энэхүү арга хэмжээний тухай мэдээллийг Монголын талаас зохион байгуулж буй “Монгол Брэнд Холбоо” Төрийн Бус Байгууллагынхнаас авах боломжтой юм.
“Монгол Брэнд Холбоо” Төрийн Бус Байгууллагынхан 2016 оноос АНУ болон бусад өндөр хөгжилтэй улсуудад бараа бүтээгдэхүүн экспортлоход үндэсний компаниудаа дэмжин ажиллаж ирсэн. Сүүлийн хоёр жилийн яриа хэлэлцээний хүрээнд ийнхүү уг арга хэмжээ сүүлийн шатандаа орж байна. Та бүхний энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож АНУ-д бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг алдахгүй ашиглахыг урьж байна.
АНУ-ын зах зээлд гарах боломжийг олж авах тусгайлсан сургалтад хамрагдахыг хүсвэл ЭНД дарж бүртгэлээ хийлгэнэ үү.
Ази, Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгч, экспертүүдийг танилцуулж байна.
“FAO GLOBAL” ЗӨВЛӨХ КОМПАНИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ БӨГӨӨД ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БРЭНДОН ХЬЮГЕС
Брэндон Хьюгес нь АНУ болон Ази-Номхон далайг хиллэсэн бүс нутгуудын төрийн болон хувийн хэвшлүүдийг мэргэшүүлэх үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын бизнесмен. Ноён Брэндон нь олон улсын жишигт хүрсэн зах зээлийн стратеги боловсруулах, өрсөлдөх чадвартай зах зээлийн судалгаа хийх чиглэлээр мэргэжлийн өндөр төвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч юм. Түүний хувьд олон улсын бизнесийн бакалаврын зэрэгтэй ба АНУ-ын Колумб их сургуулийг гүйцэтгэх удирдлагын Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэйгээр дүүргэжээ.
Тэрбээр сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Хятад, Зүүн-өмнөд Ази, Баруун Европ, Балканы хойг, Мексик зэрэг улс орнуудад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж дуусгасан арвин туршлагатай нэгэн. Мөн бизнес эрхлэгч байгууллагуудад олон улсын зах зээл дэх өсөлтийн нарийн төвөгтэй байдлуудыг удирдан залахад нь дэмжлэг үзүүлэх засгийн газрын стратеги бодлого, бизнесийн үйл ажиллагааны талаар үнэмлэхүй мэдлэг боловсролтой.
Ноён Брэндон өмнө нь АНУ-ын армид гадаадын засгийн газрын зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааны төлөвлөлтийг хариуцан зургаан жил ажилласан туршлагатай. Түүнчлэн олон улсад “тинк танк” зэрэглэлтэй “Carnegie Endowment”, “Aзийн нийгэмлэг байгууллага” зэрэг байгууллагуудад ажиллах явцдаа засгийн газрын болон бизнесийн удирдах албан тушаалтнуудтай ажиллаж, бодлогын чиг хандлагыг хөндсөн асуудлуудаар зөвлөмж өгч ажиллаж байна. Ноён Брэндон хятад хэлний мэдлэгтэй бөгөөд Хятадын Элит Цинхуа их сургуулийг АНУ-ын анхны төгсөгчдийн нэг аж.
“FAO GLOBAL” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИЙН AПЕК /АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА/-НЫ СТРАТЕГИ ХАРИУЦСАН ГАЗРЫН ДАРГА КАМЕРОН ЖОНСОН
Ноён Камерон нь Азийн бүс нутаг дахь олон салбарт ерөнхий менежментийн чиглэлээр 15 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн. Тэрбээр Азийн орнууд тэр дундаа Хятад улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад стратегийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг. Ноён Камерон хүндрэлтэй байгаа бизнесийн өөр өөр орчинд стратеги боловсруулах, бүх үйл ажиллагааг хамрах гүйцэтгэлийг боловсруулах, бизнесээ өргөжүүлж, ашиг орлоготой болгох, олон улсад үйл ажиллагаагаар тэргүүлэгч компани болгоход голчлон мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг.
Тэрбээр өмнө нь карбон утас үйлдвэрлэлтээр тэргүүлэгч компанид Азийн бүс нутаг хариуцсан ерөнхий менежерээр, Майкрософт компани, түүний Шанхай дахь хувь нийлүүлсэн компанид бизнесийн менежерээр тус тус ажиллаж байв. Ноён Камерон нь компаниудад тэдний туслан гүйцэтгэгч байгууллагуудыг зах зээлд ороход нь ханган нийлүүлэлтийн суваг, үйлдвэрлэлийн асуудлуудын талаар мэдлэг ойлголт олгож, дэмжлэг үзүүлэн ажилладаг нэгэн билээ.
“ROSS LAW GROUP” ХУУЛИЙН ФИРМИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ГЭРИ Ж. РОСС
Гэри Ж.Росс нь вэнчур капитал болон оффшор хувийн хөрөнгө оруулалтын чиглэлээр тэргүүлэх хуулийн зөвлөгч. Тэрбээр вэнчур капитал болон хувийн хөрөнгө оруулалт, компанийн засаглал, компанийн бусад ерөнхий асуудлуудад чиглэсэн үнэт цаасны хуулийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн хувийн хязгаарлагдмал компани болох “Ross LawGroup” хуулийн фирмийн удирдах түнш юм. Мөн тэрбээр АНУ-ын “Үнэт цаас, биржийн хороо” (SEC-Securities and Exchange Commission)-ийн эрх бүхий хуулийн зөвлөхөөр ажилласан ба энгийн болон давуу эрхтэй үнэт цаасыг анхдагч зах зээлд санал болгох (initial public offerings) зэрэг хөрөнгийн зах зээлийн гүйлгээний талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх арвин туршлагатай нэгэн.
Үүнээс гадна энэ эрхэм дүрэм журам, дагаж мөрдвөл зохих асуудлуудаар хууль эрх зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтын талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна. Өмнө нь АНУ-ын “Sidley Austin”болон“Alston & Bird” зэрэг хуулийн фирмүүдэд Хөрөнгийн зах зээл, компанийн үнэт цаасны гүйлгээ, үнэт цаас хариуцсан ажлын хэсэгт тус тус ажиллаж байсан туршлагатай. 2009-2012 онд тэрбээр АНУ-ын Сангийн яаманд ажиллаж, яамнаас хөрөнгө захиран зарцуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх “Эрсдэлд орсон активыг аврах хөтөлбөр” (TARP)-тэй холбоотой бусад үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй гэрээт байгууллагууд болон санхүүгийн зуучлагч нарт хяналт тавин ажиллаж байжээ.
ЖОЕЛ А.ГЭЛЛО
Жоел А.Гэлло нь хил дамнасан гүйлгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн “Columbia China League Business Advisory” компани (менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хуулийн фирм)-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. АНУ-ын “Настак” хөрөнгийн биржийн үнэт цаасыг анхдагч зах зээлд санал болгох (IPO) хэд хэдэн Хятадын компаниудын ТУЗ-ийн гишүүн юм.
Тэрбээр өмнө нь “Deloitte”, “E&Y”,”PwC”, “Dell EMC”, “Deutsche Bank Asset Management” зэрэг аудитын байгууллагуудын гүйцэтгэх удирдлагаар тус тус ажиллаж байсан ажлын туршлагатай. Ноён Жоел нь “Америкийн төв банк”, “Barclays Bank”, “BlackRock”, “BNP Paribas”, “Citigroup”, “Дойче банк”, “ЖП Морган банк”, “Morgan Stanley”, “UBS”, “Дэлхийн Банк” зэрэг дэлхийн 75 гаруй банкинд зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн нэгэн. Мөн тэрбээр хөрөнгө, баялгийн захиран зарцуулалт, банк санхүү, дүрэм журам, IPO, M&A , хил дамнасан гүйлгээний сэдвээр Хятад болон АНУ-ын их дээд сургуулиуд, томоохон хурал цуглааны илтгэгч, АНУ-ын “Колумбын их сургууль”, “Johns Hopkins их сургууль”, “Tufts их сургууль”, Нью-Йорк хотын улсын их сургууль болох “Binghamton их сургууль”-д лекцийн хичээл зааж байна.