Манай улсад улаан дансанд орсон, дэлхий дахины судалгаагаар нэн ховордсон устаж болзошгүй амьтны аймагт багтсан, Монгол орны хэмжээнд мөхөх өндөр магадлалтай амьтан бол бөхөн юм. Бөхөн хэмээх энэ амьтны эврийг ардын эмчилгээнд, махыг нь хоол хүнсэндээ эртнээс ашиглаж, хайр гамгүй авласнаас бөхөнгийн амьдрах нутаг тархаж хумигдаж тоо хэмжээ нь эрс буурсан билээ. Мөн цас зуд ихтэй хүйтэн өвөл хавар, өвс ургамал муу ургасан жил эцэж өлбөрч, хөлдөж осгож үхэх явдал их байдаг. Тэгвэл энэ нэн ховордож улаан номд орсон бөхөн бидний замбараагүй хаясан хог хаягдлаас болж амь насаа алдах болжээ. Тодруулбал саяхан Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) байгаль хамгаалагч нэгэн үхсэн бөхөнг олжээ. Гэтэл уг амьтны биеийн дийлэнх нь ялзарч байгальд шингэсэн ч ходоод нь хэвээр үлдсэн байсан байна.
Учир нь уг амьтан өлсөхийн эрхэнд байгальд замбараагүй хийсэх гялгар уут идсэн байж. Байгалд 100–400 жил задардаггүй хог болох гялгар уут уг бөхөнгийн амийг аваад зогссонгүй, ходоодыг нь хүртэл тэр хэвээр үлдээжээ. Энэ мэтчилэн байгаль эх бидэнд эмх замбараатай амьдрахыг сануулсаар байна. Хогоо эмх замбараатай хаяж, нэг удаагийн хэрэглээ гялгар уутнаас татгалзая хүмүүсээ!