Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг нарын зургаан хүнийг ЖДҮДС-тай холбоотой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох юм.
ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг сайдын албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ хэтрүүлж, ЖДҮ сангаас хөнгөлөлттэй зээл олгохдоо бүрэн эрх, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийнхөө гэр бүлийнхний аж ахуйн нэгжүүдэд 700 саяас тэрбум гаруй төгрөг нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл хэлбэрээр шилжүүлсэн хэмээн буруутгагдаж байгаа юм. Б.Батзоригтой хамт ХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг болон тус сангийн ерөнхий нягтлан бодогч нар гээд олон хүнийг шалгасан юм.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг болон Д.Энхбат, С.Төгбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, Б.Одхүү нарыг эрүүгийн хуулийн 22.1.2, 22.1.3, 22.4.1, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох юм.
Дашрамд сонирхуулахад, УИХ-ын гишүүн Б.Батзориг нь 2016 онд "100 асуулт, 100 хариулт" нэвтрүүлэгт орох үеэрээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Чулуун овооны тойрог дахь банхар, арслангийн хөшөөний талаар ярилцаж сошиал орчинд нилээдгүй шуугиан тарьж байсан удаатай нэгэн юм.