Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг элсний хөлбөмбөгийн ДАШТ энэ жил Парагвай улсад болно. 10 дахь удаагийн ДАШТ энэ сарын 21-ний өдөр эхэлж, ирэх сарын 1-ний өдөр аваргаа тодруулах юм. 2019 оны элсний хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шилдэг 16 улсын шигшээ баг 4 хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Ази тивээс энэ удаагийн ДАШТ-нд Япон, Оман, Арабын нэгдсэн Эмирт улсын шигшээ багууд өрсөлдөх юм. Элсний хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн 1995 онд Бразил улсад зохиогдож байлаа. Улмаар энэ тэмцээн 2005 оныг хүртэл жил бүр зохиогдог байсан бол 2005 онд дэлхийн хөлбөмбөгийн холбооноос зохиохоор болж, Фифи Бич Соккер Уорлд Кап нэртэй болжээ. 2 жил тутамд нэг удаа зохиогдох болсон энэ тэмцээнд Бразилийн шигшээ баг 5 удаа, ОХУ-ын баг 2, Португал, Францын шигшээ багууд нэг удаа түрүүлжээ. 2005 оноос өмнөх 10 удаагийн тэмцээнд Бразил шигшээ баг 9 удаа түрүүлж байсан юм. Элсний хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2021 онд манай хойд хөрш ОХУ-д болно.