Либертадоресийн цомын тэмцээн буюу Өмнөд Америк тивийн хөлбөмбөгийн клубуудын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт энэ 7 хоногийн бямба гарагийн шөнө болно. 2019 оны Либертадоресийн цомын тэмцээний шигшээ тоглолт Перу улсын Лима хотын Монументал цэнгэлдэх хүрээлэнд болно. Шигшээ тоглолтонд Бразилийн Фламенго, Аргентины Ривер плейт багууд өрсөлдөнө. Бразилийн шилдэг багуудын нэг Фламенго 2 дахь удаагаа Ливертадоресийн цомын тэмцээний шигшээд үлдээд байгаа нь энэ юм. Тэд өмнө 1981 онд Чилийн Кобрелоа багтай аваргын цомын төлөө өрсөлдөж, 2-1 харьцаагаар хожиж байсан билээ. Тэгвэл Аргентины Ривер плейт 4 удаа Либертадоресийн цомд түрүүлээд байна. Тэд өнгөрсөн жил шигшээ тоглолтонд нутаг нэгт Бока хуниорс багтай өрсөлдөж, 5-3 харьцаагаар хожсон юм. Фламенго хагас шигшээд нутаг нэгт Гремио багийг 6-1 харьцаагаар буулган авсан бол Ривер Плейт Бока Хуниорстой тоглож, 2-1 харьцаагаар хожиж, ийнхүү шигшээд шалгарсан билээ.