Монголын улс төрийн намууд "Эв Нэгдлийн Төлөө" түншлэлийг бий болгохоор хамтарч ажиллаж эхлээд байна. Үндэсний Эв Нэгдлийн Төлөө түншлэл нь : Улс төрийн намуудын харилцан ойлголцол, хүндлэл, хамтын ажиллагаа, зөвшилцөл, бат бэх эвсэл дээр суурилах ёстойг ухамсарлан Монгол Улсын түүхэнд анх удаа Улс төрийн намуудын анхдугаар зөвлөгөөнийг 2019 оны 11 сарын 26 ний өдөр Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулахаар товлоод байна.
Зөвлөгөөнөөр өнгөрсөн 30 жилийн Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, ирээдүйн 30 жилийн улс төр, нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөв хандлага ямар байх ёстой тухай нэгдсэн бодлогын хэлэлцүүлэг хийнэ.
Улс төрийн намууд Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, үндэснийхээ язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо шудрага ёс, хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг аз жаргалтай хийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон тунхаг гаргах болно.
Мөн УИХ-аар хэлэлцэж эхлээд буй Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, бусад хуулиудаар улс төрийн намуудын эвсэх эрх зүйн орчныг бэхжүүлэхийн төлөө улс төрийн намууд хамтран ажиллах асуудлыг ярилцах юм.