Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагч Я.Батжаргалтай ярилцлаа.
-Татвар төлөгчийн бүртгэлийн шинэ журмаар татвар төлөгчдийн цаг завыг хэмнэх, хөдөлмөр хөнгөвчлөх ямар зохицуулалтууд орсон бэ?
-2019 оны гуравдугаар сарын 22-нд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хүн амын орлогын албан татварын хууль батлагдсан . Үүнтэй холбоотойгоор татвар төлөгчтэй холбоотой нийтээр дагаж мөрдөх 35 журмын төслийг татвар төлөгчөөр хэлэлцүүлэн санал авах ажлыг Татварын албанаас арваннэгдүгээр сарын 11-22-нд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэг хийгдэж байгаа эдгээр журмын нэг нь “Татвар төлөгчдийн бүртгэлийн журам” юм. Энэ журмыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар баталж мөрдүүлэхээр хуульд заасан.
Шинэ журмаар хуулийн этгээд , хувь хүнийг татвар төлөгчөөр бүртгүүлэхдээ УБЕГ-ын суурь мэдээлэлд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, төлөөний газар, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, олон улсын байгууллагыг хүсэлтийн дагуу бүртгэх эрх бүхий байгууллагын төрөлжсөн мэдээлэлд үндэслэн бүртгэхээр журамд тусгаад байна.
Татвар төлөгчийн бүртгэл, бүртгэлийн өөрчлөлтийг тухайн татвар төлөгч цахимаар бүртгүүлэх боломжийг Татварын удирдлагын нэгдсэн системийн нэвтрүүлэлтийн хүрээнд бүрэн шийдвэрлэсэн. Жишээ нь, одоогийн журмаар хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгүүлснийхээ дараа татварын албанд өөрийн биеэр ирж цаасан бичиг баримтаа дахин бүрдүүлж бүртгүүлдэг байсан. Одоогийн журмаар хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээр дамжуулан татварын албаны татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдэнэ. Татварын албанаас тухайн татвар төлөгчид цахим тайлангийн систем (e-tax.mn) –д нэвтрэх нэр, нууц үгийг тухайн хуулийн этгээдийн системд бүртгэлтэй гар утас, цахим шуудангийн хаягаар илгээнэ. Энэхүү нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан цахим татварын системд нэвтрэн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулна. Энэхүү мэдээлэл нь тухайн хуулийн этгээдийн хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн мэдээлэл байх тул засварлах боломжгүй. Зөвхөн гар утас, цахим шуудангийн хаяг, байршлаа засварлан баталгаажуулна.
Иргэн болон бусад этгээдийн хувьд татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ цахим татварын системээр илгээнэ. Татварын алба тухайн хүсэлтийг шийдвэрлэж мөн цахим татварын системд нэвтрэх нууц үг, нэвтрэх нэрийг илгээнэ. Тухайн иргэн, бусад этгээд мэдээллээ баталгаажуулан татвар төлөгчөөр бүртгүүлнэ.
Татвар төлөгч нь хуулиар тогтоосон хугацаанд татвар төлөгчөөр бүртгүүлэх болон бүртгэлийн өөрчлөлтийг хийлгэх үүрэгтэй бөгөөд мэдээллийн үнэн зөв байдлыг татвар төлөгч өөрөө хариуцна.
Татвар төлөгчийн бүртгэл цахимжсанаар татвар төлөгчийн гэрчилгээг цахимаар хэвлэн авах боломжтой. Мөн татвар төлөгчийн хувийн хэрэг нь цахим болон цаасан хэлбэртэй байх бөгөөд тухайн татвар төлөгчийг бүртгүүлснээс эхлээд бүртгэлээс хасагдах хугацаанд нэг хувийн хэрэгтэй байна.
Мөн татвар төлөгч нь дахин давтагдашгүй 11 , салбар төлөлөгчийн газар нь 14 оронтой татвар төлөгчийн дугаартай байх бөгөөд энэхүү дугаарыг санхүү татварын баримт бичигт тусгах үүрэгтэй.
Журмаар татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийн санд ямар мэдээлэл байх талаар заасан. Үүнд хуулийн этгээдийн иргэний бүртгэлийн мэдээлэл, хөрөнгийн мэдээлэл, банкан дахь дансны дугаар, харилцан хамаарал, эцсийн эзэмшигчийн зэрэг Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд заасан мэдээлэл солилцооны дагуу авч байгаа бүхий л мэдээлэл болон татварын албаны, татвар төлөгчийн өөрөө бүртгүүлсэн мэдээлэл багтана.
– Татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийг ямар журмаар өөрчилж болох вэ?
-Татвар төлөгчийн хүсэлтээр, татварын албаны хөндлөнгийн мэдээллээр, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, татварын улсын байцаагчийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байхдаа олж авсан мэдээллээр татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийг өөрчилнө. Гэхдээ бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр тавар төлөгчид мэдэгдэх, татвар төлөгч хуулиар тогтоосон үүргийн дагуу мэдээллийн дагуу өөрчлөлтөө бүртгүүлэх, баталгаажуулах, үнэн зөв байдлыг хангах ёстой.
-Хуулийн этгээд, иргэдийг ямар тохиолдолд татвар төлөгчийн бүртгэлээс хасах зохицуулалттай байгаа вэ?
-Тухайн Хуулийн этгээд татан буусан, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь үүсгэн байгуулсан этгээдүүд татан буугдахаар хүсэлт гаргасан үйл ажиллагаа явуулах хугацаа дуусан гэсэн шалтгаануудаар татвар төлөгчийг бүртгэлээс хасагдах талаар хүсэлтээ татварын албанд ирүүлнэ. татварын алба нь хүсэлтийг хянан, эрсдэлийн үнэлгээ хийн, шаардлагатай тохиолдолд татварын хяналт шалгалт хийж, татварын илүү дутуу үлдэгдэлгүй болсон бол “татвар төлөгчийн хасалтын карт”ыг үйлдэнэ. Татвар төлөгч нь энэхүү картыг бүртгэх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ. Бүртгэх эрх бүхий байгууллага өөрийн бүртгэсэн, хассан бол татварын алба татвар төлөгчийн бүртгэлээс хасна. Хувь хүн нь нас барсан, нас барсанд тооцогдсон тохиолдолд татвар төлөгчийн бүртгэлээс хасаж байгаа. Одоогийн байдлаар 1.8 сая татвар төлөгч иргэн хоёр зуун мянган этгээдийг татварын албанд бүртгэлтэй байна.
-Бүртгэлийг цахим болгосноос гадна татвар төлөгчдийн ямар хүсэлтийг цахимаар шийдвэрлэх боломжтой болсон бэ?
-Татвар төлөгчөөр бүртгүүлэх, бүртгэлээс хасагдах, татвар төлөгчийн татварын төрлөөр бүртгүүлэх, татварын төрлөөс хасагдах хүсэлтийг цахимаар шийдвэрлэдэг болсон. Өөрөөр хэлбэл, би НӨАТ суутган төлөгч больё гэвэл цахимаар хүсэлтээ илгээгээд, бүртгүүлэх боломжтой.
-Хуулийн этгээдүүд ямар тохиолдолд татварын тодорхойлолтыг авах ёстой вэ?
-Татварын ерөнхий хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл болон эцсийн өмчлөгч өөрчлөлтийг бүртгүүлэх тухай бүр татварын тодорхойлолтыг авахаар байгаа. Татварын тодорхойлолтыг татвар төлөгч цахим тайлангийн систем болон ТҮЦ машинаас авах боломжтой
-Татвар төлөгч энэ цахимжих ажлын хүрээнд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Татвар төлөгчийн бүртгэл, тайлагнал,буцаан олголт, хүсэлт зэрэг 50-иад төрлийн үйлчилгээг татварын алба цахимжуулахаар ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд татварын удирдлагын нэгдсэн системийн эхний хэсгийг нэвтрүүлээд байгаа. Татвар төлөгч нь бүртгэлийн мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах тул цахим татварын системийн миний мэдээлэл цэсээр мэдээллээ үнэн зөв бүртгэх, татварын албаны цахим үйлчилгээг тухайн татвар төлөгчийн татварын албанд бүртгэлтэй гар утас, цахим шуудангийн хаягаар хүргүүлж байгаа тул өөрчлөлтийг тухай бүр үнэн зөв бүртгэхэд анхаарах хэрэгтэй.