Хайрт ижий минь...
Бүсгүй хүн хэвлийдээ энхрий үрээ тээсэн тэр л мөчөөс эхлэн сэтгэл амар хормыг ертөнцөөс буцах хаалгыг тогших хүртлээ үүрд алддаг юм гэнэ лээ.
“Хүүхэд нас минь л аз жаргалтай сайхан байж” хэмээх дурьтадгал хүн бүрт бий. Харин тэр аз жаргал, баяр баясал, хайр энэрлээр дутаж гуцаагүй сайхан амьдрал ижийгийн тань сүүн цагаан сэтгэл, муу бүхнээс хамгаалах гэсэн зовинол дээр тулгуурлан бий болсон гэдгийг мэдэх үү. Өөдөөс мэлтийн инээх өөдөсхөн жаахан үрээ өөрийг нь сонгоод ирсэнд хэмжээлшгүй ихээр хайрлан жаргавч, энэ жаргал үүрд үргэлжлээсэй хэмээсэн бяцхан зовинол сэтгэлийг нь имэрдэж л байдаг юм.
Ангир уургаа хөхүүлэн суухдаа хахаж зангирах вий гэж, өлгийндөө унтах үрээ үнэгчлэх зүүдэндээ эмээх вий хэмээн үүр шөнийн заагаар өндийн өндийн чагнаархдаг юм. Үдэш үдшээр алдсан нойр эргэж ижийд нь хэзээ ч нөхөгдөггүй юм. Гэлээ гээд гангар гунгар дуугарах энхрий хөөрхөн үрийнхээ өхөөрдөм инээдэнд олон шөнийн нойр, мянган өдрийн зовнилоо арчин жаргадаг ижийг яалтай.
Өврөөс унасан үрээ өвдөж уйлан тэлчлэхэд өөд уруугүй сандарсан ижий “үрийн минь өмнөөс намайг” хэмээн хорвоогийн харгис дэнсэнд өөрийн амиа өргөнө. Бурханд даатган залбирсандаа үрээ аварлаа гэж бодох ч үнэндээ ижий өөрөө нойр хоолоо умартан зүтгэсэндээ өвчнийг ялсан байдаг юм. Харин үрийнхээ өмнөөс өөрийгөө зольсон хатан сэтгэл нь орчлонгийн хатуу хуулинд хадгалагдан үлдэж, өгөөтэй аваатай хорвоо эргээд ижийгийнх нь цог заль, сүнс сүлднээс нь хумсалж байдаг юм.
Өдөр өдрөөр өсөх үрээ олны дунд ороод явахад алга дэлгэн хүлээх ад зэтгэрт хорлогдох вий хэмээн бодол залбирал бүр нь хором алдахгүй үрдээ л зориулагддаг.
Үр хүүхэд нь сайн сайхан явахад өөрийнхөө сайнд л үр минь сайхан явна хэмээн ижий баярлаж, өөрийгөө чамлана. Өөд уруугүй муулчлагдаж, түмэнд нүд үзүүрлэгдэн явбал үр хүүхдээ хүмүүжүүлж чадсангүй хэмээн өөрийгөө буруутган, сэтгэлдээ тарчлана. Яалтай ч эрээн орчлон билээ. Хатууг зөөллөж, хагарсныг эвлүүлж, дутууг гүйцээх гэж орчлонд эх хүнийг илгээдэг ч эргээд дэндүү олон сэтгэлийн шаналлыг нуруунд ачдаг нь юуны ёс юм.
Өнгөт хорвоод өөрөөсөө олон хүмүүн тавиланг ургуулсан сүүтэй бурхан ачтанаа бид бурхан урин залаад буцах болтол нь сэтгэлийн амгаланг эдлүүлж чаддагсан билүү.
Яагаад ч юм би, ижийнхээ нуруунд наалдаж, ижийнхээ шим шүүсийг сорон сорсоор өсөж томордог аалз хэмээх арвагар нүгэлтнийг жигшин зэвүүцэн байсансан. Харин одоо өөдөөс харан суух, бууралтсан саарал үстэй, амьдралын түмэн нугачааг чин сэтгэлийн хайр энэрлээрээ туулсан түмэн үрчлээт нүүрэндээ инээмсэглэл тодруулан ярин суугаа ижийгээ хараад үр хүүхэд бид тэр аалзнаас дутах юун хэмээн бодно.
Сэтгэл гэдэг заримдаа урагдаж тасраад амархан элэрч баларчихдаг эд юм шиг санагддаг. Харин эх хүний сэтгэл ханатлаа сунаж, хажуу дэргэдээсээ салбарч урагдан, бүхэнд хүргэх гэж татаж чангаасаар үжирсэн даавуу мэт болсон ч үнэт чанар нь өнөд хэвээрээ л байх юм. Ижий минь дэргэд байхад амьдрлаас илүү би юуг хүсэх билээ.
Амьтай болоод амьгүй бүхий л зүйлсийн үүсгэлийг ЭХ хэмээн нэрийднэ.
Сэтгүүлч: У.Дашбат