Цаг үеийн мэдээ

Цус харвасан, мэдрэлийн зарим эд эс нь мэдээгүй болсон хүмүүс виртуаль орчны тоглоомын тусламжтай дахин явж чаддаг болох болов уу? Япон улсын стартап компани энэ чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжийн үр дүнгүүд тун нааштай гарч байгаа юм. Япон улсад өргөн хүрээнд дэлгэрч байгаа хандлага нь техник технологийн дэвшилтэт байдлыг эрүүл мэндийн салбар, нийгмийн халамжийн бодлогод нэвтрүүлэх явдал.

Японы иргэдийн дундаж наслалт нь 84.1 байдаг нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт. Тэгвэл Японы өндөр настнууд бүр ч илүү наслах боломжийг олгох санаачлага нь уг Виртуаль орчны платформ юм. Цус харвалт өгсөн өвчтнүүдийн хувьд эргээд бүрэн мэдээ орох, хэсэгчлэн мэдээ орох хүртэл урт замыг туулдаг. Харин Осака хотод төвтэй mediVR нэртэй стартап компани нь mediVR KAGURA гэх платформыг нэвтрүүлэн ажиллаж байна. Уг платформ нь VR (Virtual reality) буюу Виртуаль орчны тусламжтайгаар өвчтнүүдийн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх юм.

mediVR KAGURA платформ нь VR толгойн өмсгөл, гар удирдлагууд, үндсэн төв компьютераас бүрдэнэ. Хэрэглэгчид/өвчтнүүд нь VR тоглоомуудыг тоглосноор өөрсдийн тэнцвэрийн мэдрэмжүүдийг эргэн сэргээх юм. Жишээлбэл нэг тоглоом л гэхэд: өвчтнүүд нь тэнгэрээс унаж буй виртуаль бөмбөгнүүдийг барьж авах, аль эсвэл Шинто шашны сүмд байгаа нинжа нарыг барих зэрэг сонголтуудтай. Уг тоглоомуудыг тоглосноор рефлексийн хурдыг сайжруулах, оновчтой хүрэх, хөдлөх зэрэг мэдрэмжүүдийг эрчимжүүлдэг байна.

Бодит үр дүн гарч эхэлсний нэг кейс нь 90 настай өвчтөн ажээ. Шулуун гэдэсний шарх, таталт өгсөн байсан өвчтөн mediVR KAGURA төхөөрөмжийг өдөр бүр ашиглаж, 2 долоо хоног эмчилгээ хийлгэсний дараа өөрийнхөө хүчээр эмнэлгийн орчин тойронд чөлөөтэй алхаж явдаг болжээ. Мөн өмнө нь 6 минутын хугацаанд 430 метр алхдаг байснаа 500 метр болгон сайжруулсан байна.

mediVR төхөөрөмжийг нэвтрүүлж буй стартап компаний CEO Хара хэлэхдээ “Манай төхөөрөмжийн гол зорилго нь цус харвасан, Алцхеймерын өвчтэй, аль эсвэл өндөр наснаас үүдэлтэй өвчтнүүдийг эргээд алхаж явж чаддаг болоход нь тусалдаг. Цаашид мэдрэлийн эс, эрхтнүүдийн хөдөлгөөнийг сайжруулж, рефлексээ эргэн олж авахад нь эергээр нөлөөлдөг болохыг судалгаанууд харуулж байна” гэжээ.

Д.ЖАРГАЛСАЙХАН

Таны сурталчилгаа