Гаалийн байгууллага өнгөрсөн онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 15 удаагийн үйлдлийг илрүүлж, нийт 142 гр, 54 ширхэг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авч, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Харин энэ оны эхний 9 сарын байдлаар 11 тохиолдлыг илрүүлсэн байна. Гаалийн байгууллагын хувьд хуульд заасны дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулан гэрчээс мэдүүлэг авах явцад тухайн этгээдүүд ихэвчлэн тодорхой зорилго сэдэлтэйгээр далд веб ашиглаж тус бодисыг интернетээр захиалсан байдаг байна. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу хэмжээнээс үл хамааран 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг.
2010-2018 онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 98 хувь нь Монгол Улсын харьяат байсан бол үлдсэн хоёр хувь нь Филиппин, Нидерланд улсын харьяат иргэн байжээ. Мөн энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэрэгт холбогдох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг БНХАУ, Нидерланд, АНУ, Малайз, Их Британи, Хонг Конг, ОХУ, ХБНГУ зэрэг улсаас автозам, агаарын зорчигчоор болон шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд бүртгэгдсэн байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 60 орчим хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна. Түүнчлэн оюутан, сурагч, төрийн албан хаагч, тэтгэврийн насны хүмүүс ч энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдлууд илэрчээ. Түүнчлэн тухайн гэмт хэргийн улмаас хорих ял эдэлж байгаа 100 орчим, хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа 200 орчим хүн байгаа юм. Түүнчлэн гадаадад оршин сууж буй манай иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд хамгийн сүүлийн статистик мэдээллээр 14 хүн бүх насаараа хорих болон цаазаар авах ялаар шийтгүүлжээ.