Цаг үеийн мэдээ

Хүн бүр оёдог, хатгадаг ч онцгой нэг нь бүтээл урладаг гэж ойлгодог. Сэтгэлээ шингээсэн тэр л үйлээрээ бусдыг “гоёх”, “хамгаалах”, урам зоригийг бадраах гээд олон төрлийн мэдрэмжийг хувцсаар дамжуулан өгөх боломжтой. Ээжийнхээ мэргэжлийг өвлөж, онцгой алба хаагчдын хувцас, хэрэглэлийг “бүтээх” их ажилд гар бие оролцож яваа Дарьсүрэнгийн Гончигдоржийг энэ удаа онцоллоо. Тэрбээр ОБЕГ-ын дэргэдэх "Онцгой" тусгай хувцас хэрэглэлийн туршилт үйлдвэрлэлийн төв-121 дүгээр ангид оёдолчин, механик засварчнаар ажиллаж байна.

Миний бие хуучнаар аж үйлдвэрийн төв буюу одоогийн Налайх дүүрэгт  таван хүүхэдтэй айлын отгон хүү болж мэндэлсэн. Оёдолчин болох мөрөөдөл маань ээжтэй маань холбоотой. Ээж минь ухаан орсон цагаас оёдлын цехэд ажилладаг байсан учраас  хийж байгаа үйлдлийг нь  харж, дуурайж, заалгаснаар энэ мэргэжилд дурлах болсон. Улмаар 1996 онд сургуулиа төгсөөд ээжтэйгээ өмд оёж эхэлснээр оёдолчин болох түүхээ бичиж, 2001-2020 он хүртэл “Бүтээлч Үйлс” ХХК-д оёдолчноор ажиллаж байгаад Онцгой байдлын байгууллагын Хувцас хэрэглэлийн туршилт үйлдвэрлэлийн төв 2020 онд байгуулагдахад сонгон шалгаруулалтад орж, тэнцсэнээр ажилд орж, анхдагчийн нэг болж байлаа.

- Манай анги нь жилд дунджаар 20.000 гаруй хувцас, хэрэгсэл үйлдвэрлэдэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллага болон бусад байгууллагын нийт 66 нэр төрлийн 85.000 бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс миний бие 82.000 орчим хувцас хэрэгслийг үйлдвэрлэхэд гар бие оролцон ажилласан байна. Онцгой байдлын байгууллагынхаа алба хаагчдын хувцас хэрэглэлийг үйлдвэрлэж, гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд өөрийнхөө мэдлэг чадвараараа бодит хувь нэмэр оруулж, олон сайхан үйлчин бүсгүйчүүдтэй гар нийлэн хөдөлмөрлөж байгаадаа баяртай байдаг. Энэ цагийн эгэл баатрууд болох эрэлхэг аврагчдынхаа хувцас, хэрэглэлийг “урладаг” гэж бодохоор л бахархмаар сайхан байдаг.

-Нэг хувцсыг бүтээхийн тулд дунджаар 100-300 ширхэг ажилбар хийдэг. Хувцасны хийц, ажилбараас хамааран 1-4 цаг хүртэлх хугацааг зарцуулна. Хувцас үйлдвэрлэнэ гэдэг нь бүхэл бүтэн том багийн ажиллагаа. Энэ их ажилбарыг олон хүний хүчин чармайлт, оролцоогоор хийж гүйцэтгэдэг гэсэн үг. Юм оёх хэн бүхний хийчих ажил биш л дээ оёдолчин болоод оёх арга барил, техник хэрэгсэлтэйгээ зөв, аюулгүй харьцахаас эхэлнэ. Хажуугаас харсан хүнд их л амархан санагддаг юм шиг байгаа юм. Ажлаа гартаа оруулсан, эзэн болсон хүн амархан харагдуулдаг гэдэг үгтэй санал нийлдэг. Төрөл бүрийн загварын хувцсыг хүний таашаалд нийцүүлж оёх бас өөрөө маш том урлаг. Мэргэжлийнхээ онцлогийг тайлбарлахад ийм байна.

-Оёдолчноосоо гадна гүйцэтгэн боловсруулах хэсэг буюу эцсийн дамжлагын тусгай зориулалтын техник хэрэгсэл дээр механик засварчнаар ажилладаг. Авто тээврээр төсөөлөхөд хүнд машин механизм гэж ойлгож болно. Эцсийн дамжлага учир чанар шалгагч ч болдог онцлогтой. Ажилчдынхаа оёдлын чанар, ур чадварыг бүхлээр нь хардаг хамгийн хариуцлагатай бөгөөд бахархалтай мөч.  Хүн ажлыг голохоос ажил хүнийг голдоггүй. Ямар ч ажлыг сурчихвал өөрт л хэрэгтэй. Ажилд дадлага, ачаанд татлага гэгчээр амьдралын их далайд хүн ажиллаж, хөдөлмөрлөж байж олон давааг давдаг шүү дээ.

-Манайх ам бүл наймуулаа. Эхнэр, дөрвөн хүү, хоёр охины хамт амьдардаг. Эхнэр маань “Бүтээлч Үйлс” ХХК-д оёдолчноор ажилладаг. Тус үйлдвэрт ажиллаж байгаад танилцаад гэр бүл болсон. Том хүү маань энэ жил цэргийн албаа хааж ирээд мэргэжлийнхээ дагуу зам барилгын машин, механизмын оператораар ажиллаж байгаа. Бусад хүүхдүүд сургууль, цэцэрлэгт суралцаж байна. Дуу дуулж, хөгжим тоглох сонирхолтой, аман хуур хөгжмийн зэмсгийг өөрөө хийж, тоглодог “хоббитой”.

-Гар бөмбөг, дартс тоглох дуртай. Манай анги дотроо багт хуваагдаж, жилийн турш олон нийтийн ажил болон тэмцээн уралдаанд өрсөлдөж, бие биеэ идэвхжүүлэх, дэмжих арга хэмжээг хэрэгжүүлдэг. Миний бие нэг багийг ахалж, энэ жил манай баг гар бөмбөг, дартсын тэмцээнд амжилттай оролцсон. Анги, хамт олны ажил гэдэг бие биеэ таних, нэг нэгнийхээ авьяас чадварыг нээх, хөгжүүлэх, эерэг уур амьсгалыг бий болгох олон талын ач холбогдолтой учраас ангийн удирдлага, хамт олондоо үргэлж талархаж явдаг. Мэргэжилдээ дуртай, ажилдаа сонирхолтой, хамт олон сайхан байвал бүтээмж хамгийн өндөр байдаг.

-Удахгүй шинэ он гарах нь. Хүн бүр, айл бүр л өнгөрсөн жилээ дүгнэж, ирэх жилийнхээ мөрөөдөл, зорилгыг тодорхойлдог шүү дээ. Жилээс жилд ур чадвараа нэмэгдүүлж, өөрийн хийж чадах бүхнээ зориулж байх нь миний үр хүүхдүүд болоод ирээдүйд оруулах хувь нэмэр гэж ойлгодог. Хэдийгээр хүн аварч, гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэхгүй ч гэсэн тэр хүмүүсийн ар талыг найдвартай хамгаалж, хувцас хэрэглэлийн бэлэн байдлыг хангаж ажилладаг онцлогтой алба хашиж байгаадаа үргэлж бахархах болно. Онцгой байдлын байгууллагаар овоглодог бүх алба хаагчдадаа шинэ оны баярын мэндийг хүргэж, эрүүл энхийг дээдийг хүсье. Та бүхэн бол миний бахархал...

Эх сурвалж: ОБЕГ

Таны сурталчилгаа