Цаг үеийн мэдээ

          Хэрвээ зөгий хорогдож бүрэн мөхвөл дөрвөн жилийн дараа хүмүүс үрэгдэнэ хэмээн алдарт физикч Альберт Эйнштейн 1940-өөд онд ийм зөнтэй таамаг дэвшүүлжээ. Магадгүй тэрбээр үүнийг хошигнож хэлсэн байж болох ч үнэний ортой нь амьдрал дээр батлагдаж эхэлсэн байна. Учир нь зөгий манай гарагтай салах ёс гүйцэтгэж байгаа нь эдүгээ өндрөө авч буй хүнсний хямралыг даамжруулах магадлалтай юм. Хөдөө аж ахуйн ухааны дэд эрдэмтэн Игорь Дорониний тайлбарласнаар хүн төрөлхтний хүнсний нөөцийн гуравны нэгийг бий болгодог ургамлыг шавьжнууд тоосжуулдаг байна. Шавьжны тоос хүртээгүй ургамал, мод тийм ч их биш. Зөгийн тоо толгой жил ирэх тусам их хэмжээгээр цөөрч байгаа нь хүнсний хомсдол үүсгээд зогсохгүй улмаар бидний оршин байх эсэхэд ч нөлөөлөх ажээ. Тоос хүртээгч шавьжгүйгээр самар, алим, амтлаг гуа, жүрж, сонгино, броккли, хурган гуа, перец, баклажан, өргөст хэмх, улаан лооль, эрдэнэшиш, кофе, какао, авокадо, наргил мод ургахгүй.

          Эдгээр ургамал жимс хүн төрөлхтний байнгын хүнсний хэрэглээ билээ. Үүнээс бид шаардлагатай калорийнхаа 35 хувь болон минерал, аминдэм, антиоксидантын дийлэнх хэсгийг авдаг болохоор халаглахгүй байхын аргагүй. Зөгий нь зөвхөн хүнсний ногоонд л тоос хүртээдэггүй бөгөөд хөвөнгийн ургамал цаашлаад үхэр, малын тэжээл буюу царгас, хошоонгор гэх мэт тэжээлийн таримал ургамалд хүртэл тоос хүртээдэг. Уг тоос хүртээлт нь бусад олон амьтдыг хоол хүнсээр хангадаг учир зөгийний ажил маш чухал үүрэгтэй байдаг юм.

            Тоосонцор байхгүй бол бүх цэцэгс устана. Зөгийнүүдийн ажил цэцэгсийн өнгө, бүтэц, үнэр нэг бүрд чухал нөлөөг үзүүлдэг. Тэгэхээр тариалангийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, эсвэл зүгээр л хөдөөгийн үзэсгэлэнт газрууд нь эдгээр шавжийн шаргуу аяллын үр дүнд бий болдог гэсэн үг юм.  

 

Таны сурталчилгаа