Хятадад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 40 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Үндэсний эрүүл мэндийн хорооноос мэдээллээ. Энэ нь нэгдүгээр сарын 20-ноос хойш нэг өдөрт илэрсэн хамгийн бага тоо болжээ. Өмнөх өдөр нь 84 тохиолдол бүртгэгдээд байсан юм.
Шинээр халдвар тээгчдийн 36 нь Covid-19 өвчний тархалтын голомт болоод буй Ухань хотод, үлдсэн дөрөв нь Ганьсу мужид Иранаас ирсэн хүмүүсээс илэрчээ.
Эх газрын Хятадад ням гарагийн оройны байдлаар нийт халдвар авсан хүний тоо 80735 болж, 3119 хүн нас барсан байна.
Харин Өмнөд Солонгосын хувьд хоногийн дотор 248 шинэ тохиолдолд бүртгэгдэж, нийт өвчтэй хүний тоо 7382 болжээ. Харин коронавирусийн халдвар авсан хууч өвчтэй болон өндөр настай голдуу 51 хүн нас барсан байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 60 орчим хувь нь Шинчёнжи сүмтэй холбоотой нь тогтоогдсон аж.
Эрүүл мэндийн ажилтнууд тус сүмийн 210 мянга орчим гишүүнийг коронавирусийн халдварын шинжилгээнд хамруулж дуусжээ. Үүнтэй холбоотой сүүлийн хэдэн өдөр шинэ тохиолдлын тоо буурах шинж ажиглагдав. Гэхдээ урьдчилан сэргийлэх арга хэмжээний эрчийг бууруулахгүй байхыг анхааруулж байна.