Цаг үеийн мэдээ

          1963 онд Туркийн Деринкую хотын нэгэн оршин суугч өөрийнхөө байшингийн доод хонгилоос ер бусын нүхэн гарц олсон байна. Тэндээс бүр цэвэр агаар гарч байжээ. Ингэж анхны газар доорхи хамгийн том хотыг олжээ. Энэ хотын эртний нэр нь Меленгюбю гэдэг бөгөөд цагтаа энэ хотод 20 000 орчим хүн оршин суудаг байжээ.  Энэ газар доорхи хотын сууцууд нь өөр хоорондоо хэдэн арван км үргэлжлэх урт урт хонгилоор холбогдсон, доошоо 8 давхар хот юм. Энэ хотын нэгдүгээр давхрын нийт талбай нь гэхэд л дөрвөн хавтгай дөрвөлжин км. Ер нь энэ хотод 300 мянга орчим хүн амьдрах боломжтой. Газар доорхи энэ хотын агааржуулах систем нь өнөө хүртэл хэвийн ажилласаар байгаа гэнэ. Олон давхар хотын дээд хэсэгт усны нөөцийн сав бий.  Өдгөө энэ хотын 10% нь л жуулчдад нээлттэй. Энэ хот дор хаяж 12 давхар буюу газрын гүнд 85 м орсон нь өдгөө тодорхой болсон бөгөөд үүнээс цааш үргэлжлэх магадгүйг архелогичид таамаглаж байна.  

            Деринкую нь Мидийн эзэнт гүрний томоохон хот суурингийн нэг байсан бөгөөд хотыг МЭӨ 2000 жилийн тэртээ хеттүүд барьж эхэлсэн түүхтэй. Агааржуулалтын 52 худаг ухаж, үүнээсээ гүний усаа хангадаг байсан энэ хотын доод давхруудад агаар чөлөөтэй нэвтэрдэг. Эхний хоёр давхарт сүм, сургууль, агуулах, гал тогоо, хүмүүсийн орон байр, малын хороо, дарсны агуулах байрлана. Гурав, дөрөвдүгээр давхартаа зэвсгийн агуулах, харуулын өрөө, сүм хийд, төрөл бүрийн урлантай. Наймдугаар давхартаа хурлын танхимтай. Хүмүүс энэ хотод байнга, эсвэл улирлын шинжтэй оршин суудаг байсан эсэх талаар эрдэмтэд өдгөө ч маргасаар. Судлаачид Деринкуюд 600 гаруй гарц буйг илрүүлжээ. Эдгээрийн зарим нь ойролцоох тосгодын байр байшинтай залгагдах нь бий. Халдах дайснаас хамгаалахын тулд хотынхон эдгээр гарцаа сайтар далдалж, дайсан эхний хоёр давхарт нэвтрэхэд доош орох боломжгүйгээр хаалт хийжээ. Үүний зэрэгцээ хот дотор үй олон хонгилтой. Зарим нь гадны хүнийг зориуд төөрүүлэх зорилготой.

       

            Энэ хотыг нүхэлж гаргасан туф чулуулаг нь гаднаа хатуу ч дотроо зөөлөн учир эртний хүмүүс ийм нүсэр байгууламж цогцлоож чаджээ. Туф чулууг дотроос нь хөндийлөхөд гадаргуу нь агаартай урвалд орж бэхждэг онцлогтой юм. Хонгилууд нь нарийн бөгөөд 160-170 см өндөртэй. Жилийн дөрвөн улиралд +13-аас +15 хэмийн дулаантай байдаг аж.

 

Таны сурталчилгаа