Хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн аймшигтай осол бол Припять хотын ойролцоо орших, Чернобылийн АЦС-ын осол билээ. Дэлбэрэлтийн урсгал нь Припять орчмын бүс нутаг төдийгүй ЗХУ-ын баруун хэсэг, Зүүн Европ, Баруун Европ, Хойд Европт хүрсэн гэдэг. Ослын улмаас Украйн, Беларусь, Оросын нутгийн өргөн уудам бүсээс 336,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн юм.
Өдгөө Чернобылийн дэлбэрэлтээс хойш 33 жил өнгөрчээ. Тэгвэл Припять хотод анх удаа Зул сарын гацуур мод засчээ. Цагтаа 47 мянга орчим хүн оршин суудаг байсан, Чернобылийн атомын станцаас гурван километрийн зайд орших уг хотод амьдарч байсан зарим оршин суугчид ирж гацуур мод засан аймшигт осолд алдсан гэр бүлийн гишүүдийнхээ зургаар чимэглэн, тэднийгээ дурссан байна.
Энэ ажлыг Чернобылийн аялал жуулчлалын компаниудын холбооноос зохион байгуулсан гэнэ. “Chernobyl Tour” компанийг төлөөлөн ирсэн Катерина Асламова тус Припять хот болон Чернобылийн гамшигт өртсөн бүсийг ЮНЕСКО-д бүртгүүлж, дэлхийн өв болгохыг хүсч байгаагаа илэрхийлжээ.