Цаг үеийн мэдээ

         Грэммигийн шагналт, Их Британийн алдарт дуучин Адель саяхан өөрийн Instagram хуудастаа шинэ зургуудаа нийтлэн цахим ертөнцөд гоолиг бие, үзэсгэлэнтэй төрхөөрөө шуугиан дэгдээгээд байсан билээ. Үүнтэй холбогдуулан Аделийн хувийн дасгалжуулагч Камила Гудис дуучин бүсгүйг хэрхэн ийм гайхалтай үр дүнд хүрч чадсаныг Их Британийн ITV сувагт хуваалцжээ. Түүний хэлснээр Адель хооллолтоо бүхлээр нь өөрчлөн "Сиртфуд" гэх хоолны дэглэм барьсан гэнэ. Тэгвэл "Сиртфуд" дэглэм гэж яг юу болох, удаан хугацаанд хэрэгжүүлэхэд тохиромжтой эсэхийг илүү дэлгэрэнгүй харцгаая.

"Сиртфуд" дэглэм гэж юу вэ?

  

            Хамгийн анх энэхүү дэглэмийг Эйден Гоггинс ба Глен Маттен гэх Их Британийн хоол тэжээлийн мэргэжилтнүүд боловсруулж байсан бөгөөд тэд 2016 онд "The Sirtfood Diet" нэртэй хоолны жорын ном гаргаснаар олон нийтэд танигдаж байв. Хэрэв энгийнээр тайлбарлавал "Сиртфуд" дэглэм гэдэг нь хүний бие организм дахь сиртуин уургийг идэвхжүүлдэг ургамлын гаралтай хоол хүнснээс бүрдсэн хооллолтын систем юм. Сиртуин уураг нь бодисын солилцоог түргэсгэж, улмаар жин хасахад хүргэхийн зэрэгцээ үрэвслийг намдааж, эсийг нөхөн төлжүүлснээр хөгшрөлттэй тэмцдэг гэж номонд дурдагдсан байна.

                  

Ямар хүнсний бүтээгдэхүүн идэж болох вэ?

            Буржгар байцаа, гүзээлзгэнэ, хушга, нэрс, сонгино, яншуй, аругула (рукола), хасарваань, каперс, чинжүү (чили), куркума, алим, цитрусын төрлийн жимс, гурвалжин будаа, шар буурцаг, цэвэр оливын тос, матча ногоон цай, кофе зэрэг антиоксидантын агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүдийг идэж болно. Сонирхолтой нь дэглэм барьж байх хугацаандаа хааяа хар шоколад идэж (80% ба үүнээс дээш какаоны агууламжтай), улаан дарс (долоо хоногт 2-3 хундаганаас дээшгүй) шимж болдог байна.

Хэрхэн хэрэгжүүлэх вэ?

            Таны өдөрт идэж буй хоолны 75-80% дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд бүрдүүлж байх учиртай. Мөн дэглэмийн үед түргэн хоол, нөөшилсөн бүтээгдэхүүн идэх хориотой. Үүнээс гадна таны өдөрт авах илчлэг 1,300-1,500 калор байх хэрэгтэй юм.

Бие организмд аюулгүй юу?

            Юуны өмнө аливаа шинэ хоолны систем эсвэл дэглэм туршиж үзэхээсээ өмнө заавал эмчид хандан, шинжилгээ өгч, зөвлөгөө авах ёстой гэдгийг санах хэрэгтэй. "Сиртфуд" дэглэм нь хүнсний бүтээгдэхүүний сонголт болон илчлэгийн хувьд маш их хязгааруудтай тул удаан хугацаанд хэрэгжүүлж, амьдралын хэв маягийн нэг хэсэг болгоход тохиромжгүй гэж хоол тэжээлийн мэргэжилтнүүд үздэг. Жишээ нь энэхүү дэглэм нь тэнцвэртэй хооллолт биш бөгөөд кальци, төмөр зэрэг шим тэжээл бага хэмжээгээр агуулдаг болохыг Healthista сувгийн захирал, Английн хоол тэжээлийн мэргэжилтэн Рик Хей анхааруулсан байна. Тиймээс хэрэв та удаан хугацааны турш эрүүл, зөв хооллож, зохистой жингээ хадгалахыг хүсвэл илүү тэнцвэртэй, шим тэжээлээр баялаг хооллолтыг сонгох нь зүйтэй.

Мэдээллийг Buro.mn - ээс.

Таны сурталчилгаа