Ухань хотын Хуажун технологийн их сургуулийн харьяа Тунжи эмнэлгийн зүрх судас, дотрын тасгийн дэд профессор/ тасгийн дэд эрхлэгч Жөү Нин
Нууцлагдмал өвчтөн:
Нэгэн нууцлагдмал өвчний түүхтэй өвчтөн
Цагаан сар ойртоод эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо улам цөөрч байсан үе. Гэнэтийн тохиолдол л биш бол өвчтөнгүй шахуу эмнэлэг маань Цагаан сарын баяраа тэмдэглэхээр хүлээж ажин түжин ажлаа хийж байсан юм.
2020 оны 1 дүгээр сарын 17-ны
өдрийн үдэд Тунжи эмнэлгийн Шинчөн юань дүүргийн Хань көу дахь салбарт хуралтай гэсэн дуудлага хүлээн авав. Машинаа жолоодоод Ухань хотын Ханькөү дүүрэг рүү явж байлаа. Замынхаа талд ороод явж байтал хүлээн авах тасагт хүнд өвчтөн ирсэн дуудлага эмнэлгээс авлаа. Тус өвчтөн зүрхний цохилт нь минутанд 240 хүрч зүрхний хурц дутагдлын шинж тэмдэгтэй байгаа тухай мэдээллээ. Буцаад эмнэлэгийн зүг жолоогоо эргүүллээ. Энэ үед өвчтний зүрх зогсоход яаралтай арга хэмжээ авч зүрхний цохилтыг хэвийн болгосон тухай ч мэдэгдэж байв.
Хэдийгээр түр хугацаанд зүрхний цохилт хэвийн болсон ч даралт нь бууж ухаан мэнэрэх шинж тэмдэг нь арилаагүй өвчтний амь нас маш аюултай байв.
Би түүний орны дэргэд зогсоод үзлэг хийж байхдаа ойрын үед уушгины хатгалгаа туссан эсэх, халуурсан эсэх, сүүлийн нэг сарын дотор “Хуа Нань” далайн захаар орсон эсэхийг асуулаа. Тэр бүх асуултанд үгүй хэмээн хариулсан юм.
Өвчтөн эмнэлэгт хэвийн халуунтай, ханиалгах шинж тэмдэггүй ирсэн ч бид амны хаалт, бээлий, малгайгаа өмссөн байсан юм. Хамт ажиллагсад маань, би өөрөө ч энэ өвчтөн шинэ төрлийн титэмт вирусээр өвчилснийг мэдсэнгүй.
Хагалгааг 1 дүгээр сарын 19-ний үдийн өмнө хэмээн төлөвлөв. Эхний хагалгаа амжилттай болов. Цаг орчмын дараа дууслаа, бид маш их баяртай байсан бөгөөд 2 өдөр түүнийг эргэж тойрч эмчилж байлаа.
1 дүгээр сарын 21-ний өдөр бичиг баримт цэгцэлж байх үед өвчтөн гэнэтхэн сувилагчид : “Эмнэлэгт хэвтэхээс өмнө халуурсан, 12 дугаар сарын эхээр “Хуанань” далайн амьтны захаар орсон. Тэрээр тогооч учир байнга тэр захаас ирсэн тэжээвэр болон зэрлэг амьтдыг цэвэрлэж хоол хийдэг” гэж хэлсэн байв. Ингээд бид түүнээс дахин лавлаж асуухад, тэрээр хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Хуанань далайн амьтны захад очсон бөгөөд 12 дугаар сарын эхний арван хоногт халуурч эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд 12 дугаар сарын 30-ны өдөр эмнэлэгээ сольсон ч ханиалгасаар байсан ажээ. 1 дүгээр сарын 17-ны өдөр зүрхний цохилт ихэсч толгой нь эргэж бие нь хүндэрсэн учраас манай эмнэлэгт хэвтсэн гэлээ.
Уур амьсгал ноцтой болж ирлээ.
Би тэр даруй түүний эмнэлэгээс гарах шийдвэрийг цуцалж, шинжилгээ авав. Хэдийгээр тэр шинэ төрлийн титэмт вирусын шинжилгээ өгөөгүй ч 6 төрлийн вирусээс гаралтай халдварт өвчтэй гэж оношиллоо. Ингээд компьютер томографиар шинжлэхэд азаар түүнээс вирусын шинжтэй уушгины хатгалгаа илэрсэнгүй. Эмчлүүлэгч эмнэлгээс гарах хүсэлтэй байсан тул эмнэлгийн удирдлагад мэдэгдэж, хамт ажилладаг эмч нартайгаа зөвлөлдсөний үндсэн дээр эмнэлэгээс гаргалаа. Түүнийг олон нийтийн газраар явахгүй тусгаарлаж, бусдад халдвар тараахгүй байхыг зөвлөлөө.
Би эргээд түүний өвчний байдал болон өөрийн ажлын үйл ажиллагааг нарийвчлан бодлоо. 2 зүйл дээр асар их эрсдэл байна гэж үзлээ. Үүнд:
1 дүгээр сарын 18- ны өдөр , мэс заслын өмнө өвчтөнтэй ярилцах үедээ хэдийгээр амны хаалт зүүж, малгай өмссөн байсан ч 1 метрийн зайнаас харьцах аюулгүй байдлын дүрмийг баримталсангүй түүнтэй их ойрхноос удаан хугацаанд ярилцаж байсан.
2. Хагалгаа амжилттай болсны дараа амны хаалтаа авч түүнтэй гар барьж, хэсэг ярилцсан.
1 дүгээр сарын 21-ний өдөр, өвдсөн эхний өдөр
1 дүгээр сарын 20-ны өдөр би дотрын тасагт 24 цагийн жижүүртэй хонов. Орой нь ажлынхаа өрөөний буйдан дээр унтсан ч амарсан болохгүй бие тавгүй байлаа. Үдийн хавьд өвчтнүүдээ үзэж дууслаа. Үдийн хоолны дараа толгой эргээд байгаа ч юм шиг, тамиргүй ч юм шиг санагдав. Орой 4, 5 цагийн үед бие сульдаж яг л хөвөн дээгүүр явж байгаа юм шиг санагдаж хөл гуйвж байлаа.
Энэ үед би өөрийгөө халуурч байгаа юм биш байгаа даа хэмээн бодсон ч ажлын ачааллаас болоод л ядарсан байх гэж бодоод, гэртээ ирж халуун шүршүүрт ороод унтчихвал зүгээр болчихно гэж бодов. Үнэнийг хэлэхэд эмчийн ажил үнэхээр хүнд бэрх шүү дээ. Өвчтнийхөө биеийн байдал өвчний шинж тэмдгийг анзаарч мэдэрч нарийвчилдаг атлаа өөрийнхөө биеийг анзааралгүй орхидог.
Яг үнэндээ ийм л юм болсон юм. Машинаа бариад хоёрдугаар тойрог дээр явж байтал толгой улам эргэж, нүд харанхуйлж золтой л машин мөргөж осол гаргачихсангүй. Ингээд өвчний шинж тэмдэг илэрч байгааг мэдэнгүүтээ амны хаалт зүүгээд гэртээ орж, шууд халуун усанд орлоо. Аав ээждээ, надад болон миний хувцас, эд зүйлд битгий ойртоорой гэж анхаарууллаа.
Энэ их чухал!Эмнэлгийн орчноос гэртээ ирсний дараа гадуур хувцсанд өвчний нян, вирус тээгдэж ирсэн байж болох бөгөөд энэ нь өвчин тарах гол суваг ч байж болох юм.
Усанд ороод гэрийн хувцасаа сольж өмсөөд, амны хаалт зүүгээд орондоо орж унтлаа. Гэрт халууны шил байгаагүй учир ээжийг эмийн сан ороод халууны шил аваад ирээч гэлээ.
Энэ хүртэл миний дотор муухайрч, гүйлгэж, толгой эргэж, ухаан балартах шиг болж хажуугаар нь дагжин чичирч байлаа. Цээжиндээ яг л нэг халуун устай хоёр уут дүүжилчихсэн юм шиг мэдрэгдэж байлаа. Халуунаа үзтэл аль хэдийн 38,9 хэм болжээ.
Титэмт вирусын халдвар авчихав уу?
Халуурч, бие сульдаж, гүйлгэх нь энэ өвчний далд хэлбэр юм. Нус гоожих, хамар битүүрэх найтаах, шинж тэмдэг илэрсэнгүй. Сэжигтэй тохиолдолд анхны шинж тэмдэг нь энэ ажээ.
Айхгүй байна гэж хэлвэл худал хэлсэн болно. Хурдхан өөрийгөө аврая гэж гэнэт бодлоо.
Эхлээд шинжилгээ өг.
Би эхлээд эмнэлэгт очиж яаралтай хүлээн авахын дотрын тасагт цусны шинжилгээ өгөв. C , CRP, PET зэрэг нарийн шинжилгээ өглөө. Халдвар тараахаас сэргийлж хоёр давхар амны хаалт зүүлээ. Жирийн үед 10 минут алхаад очих гэрийн ойролцоох шинжилгээний лаборторид хагас цаг арайхийн явсаар очсон юм. Өвчин хурдан хүндэрч байлаа.
Цусны шинжилгээгээр цагаан эсний ерөнхий тоо хэвийн гарсан ч Neutrophil (中性粒细胞) өндөр, Lymphocyte (淋巴细胞) илт унасан байлаа.
Энэ бол шинэ төрлийн титэмт вирусын цусны шинжилгээгээр илрэх онцлог шинж юм.
Би даруйхан эмнэлгийнхээ уушги, амьсгалын замын эрхтний тасгийн профессор луу утасдаж өөрийн өвчний ерөнхий түүхийг хэлж, өвчний шинж, нууц байдлын түүхийг хэллээ. Тэрбээр эмчилгээний өмнөх үзлэгийн асуумжаар миний байдлыг шинэ төрлийн титэмт вирусын халдвар авчээ хэмээн оношиллоо. Гэхдээ амьсгалын замын ямар нэгэн хүндрэл, амьсгалын дутмагшил гэх мэт шинж тэмдэг илрээгүй байна. Эхлээд гэртээ тусгаарлаад, ус их уух, их сайн амрах, шимтэй унд хоол идэхийн зэрэгцээ дархлаа дэмжих эм уугаад хоёр өдөр ажигла, хүндрэхгүй бол эмчилгээгээ нэг долоо хоног үргэлжлүүлээрэй гэж зөвлөв.
Мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сонссоны дараа сэтгэл арай тайвшрав. Харих замдаа тасгийн эрхлэгч, сувилагч болон эмчилгээний багийнхан руугаа ярьж, нөхцөл байдлаа хэлж, салах ёс гүйцэтгэв.
Гэртээ хариад эцэг эхдээ надад ямар ч тохиолдолд ойртож болохгүй хэмээн анхааруулж захиад өрөөний хаалгаа хааж, амны хаалт зүүгээд орондоо орж хэвтэхдээ халуунаа хэмжлээ.
Эхлээд эмчийн зөвлөсөн ёсоор Abidol hydrochloride (盐酸阿比多尔), 2 ширхэг,Moxifloxacin (莫西沙星) нэг ширхэгийг уулаа. Халуун 38,9 хэм хэвээрээ л байна. Diclofenac sodium suppository(双氯芬酸钠栓) 12,5 мг-ийг халуун бууруулж, их хөлрөхийг зогсоохоор уув. Нэг цаг тутамд бүлээн давстай ус / ойролцоогоор 1,5 литр буцалгасан бүлээн усанд хоолны давс хийх/ уулаа.
Хагас цаг бололгүй бүх бие усан хулгана мэт нэвт норж, халуун 37,8 хэм хүртэл буулаа. Бие тавирсан мэт сайхан байсан ч толгой манарсан хэвээрээ байлаа.
Энэ шөнө унтаад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг. Сэрээд л унтаад, унтаад л сэрээд. Хоёр удаа гүйлгэж, шөнө дунд босч дахин 1 литр давстай бүлээн ус уулаа.
1 дүгээр сарын 22, өвдсөний хоёр дахь өдөр
Өглөө сэрэнгүүтээ халуунаа хэмжив. Халуун 38,6 хэм байлаа. Босохдоо амьсгал түргэссэн байхыг анзаарлаа. Зүрхний цохилт бага зэрэг нэмэгдсэн байв. Уушги, амьсгалын замын мэргэжлийн багш руугаа ярилаа. Тэр намайг уушгины зураг авахуул гэхэд нь бас л жаахан тайвширлаа. Гэрээс гарч эмнэлэгт очиж цээжний компьютер томографийн шинжилгээ хийлгэлээ. Азаар вирусын шинжтэй хатгааны шинж онцлог илэрсэнгүй. Титэмт вирусын халдварын хөнгөн хэлбэр гэж оношиллоо.
Эцэг эх маань өндөр настай учир халдвар авах өндөр эрсдэлтэй гэж үзээд байр түрээсэлж, өөрийнхөө юмыг нүүлгэж ганцаараа тусгаарлав.
Сүү, жимс, мах, ногоо авч нөөцөллөө. Гэрийн халаагуурыг хамгийн дээд хязгаарт нь хүртэл халаагаад орондоо орж амарч, шаардлагагүй бол босохгүй байлаа. Хоёр цаг тутамд халуунаа үзэж, биеийн халуун тэр өдөртөө 37,8-38,6 байлаа. Халуурч чичирч, дагжихгүй байсан учраас халуун бууруулах эм уусангүй. Abidol hydrochloride (盐酸阿比多尔), өдөрт 3 удаа 2 ширэхгээр, Moxifloxacin (莫西沙星) өдөрт нэг удаа нэг ширхэгийг уулаа. Өнөөдөр 2 литр давстай бүлээн ус уулаа. Нэг өдрийн эмчилгээгээр биеийн халуун дээшилсэнгүй, толгой эргэх, манарах нь багасч, хоолны дуршил нэмэгдэв.Шөнө өмнөхөөс сайн унтаж шөнөдөө сэрсэнгүй. Ганц л удаа гүйлгэлээ. Эдгэрэх итгэл төрж эхэллээ.
1 дүгээр сарын 23, өвдсөний гурав дахь өдөр
Өглөө сэрэхэд бие хөнгөрөөд ирсэн юм шиг , толгой урд урдынх шиг манарахгүй байв. Хурдхан шиг халуунаа үзтэл 37,6 хэм байлаа. Өчигдөрийнхөөс 1 хэм буурчээ. Сайн хэрэг шүү.
Сэтгэл санаа сайхан эхэлсэн энэ өдөр, өчигдар уусан эмээ ууж, давстай бүлээн уулаа. Өдөр гадагшаа гарч тахианы шөл, хавирганы шөл уув. Гэрт татмал гурил, төрөл бүрийн ногоо байсан тул өөрөө оройн хоол хийж идэв. Үдийн хоолны дараа Abidol hydrochloride (盐酸阿比多尔), Moxifloxacin (莫西沙星) уулаа. Хагас цагийн дараа бөөлжис цутгана гэж хэн мэдэх вэ дээ.
Яг л Moxifloxacin (莫西沙星) -ий ходоодонд өгч буй эмийн гаж нөлөө гэж тааварлаад уруугаа харж хэвтээд хагас цаг унтав. Босоод иртэл арай гайгүй болжээ.
Дахиж хэмжтэл халуун 37 хэм болсон байлаа. Үүнээс хойш халуун дахиж нэмэгдээгүй.
Энэ шөнө жаахан нойр хулжиж, толгойд элдэв бодол, ажил төрөл эргэлдэж байлаа.
Гар утсаар өвчин тархаж буй анхааруулга мэдээг үзэж, азаар эрт мэдэж, хүндрүүлээгүйдээ баярлав. Гэвч хамтран зүтгэгчид минь минийхээс дор нөхцөл байдалд амь биеэ хайрлалгүй зүтгэж байгааг бодоод тэдэндээ үнэхээр сэтгэл түгшиж байлаа.
1 дүгээр сарын 24, битүүний орой, өвдсөний дөрөвдэх өдөр.
Өглөө 9:30- д сэрээд бушуухан халуунаа үзэв. 36,8 болсон байлаа. Энэ өдөр өрөөндөө салхи оруулж, хувцсаа угааж өглөө, өдрийн хоолоо өөрөө хийж идэв. Ээж минь хэд хэдэн удаа утсаар ярив. Эцэг эх минь хичнээн их санаа зовсон гээч.
Орой ирж хамтдаа битүүлэхийг гуйж хэд хэд утасдлаа. Би орой очиж хамт битүүллээ. Гэхдээ нэг метрийн тусгаарлах дүрмийг баримталж, тэднээс хол суув. Орой нь ганцаараа унтахаар түрээсийн байр луугаа машинаа унаад явлаа.
Төгсгөлд нь:
Гадна дотно суугаа найз нөхөд минь, багш нар минь та бүхний мессэжинд хариу өгөхгүй, чаатлахгүй, утасны дуудлагыг чинь авахгүй байсанд уучлаарай. Энэ бүх хугацаанд би үхэлтэй тэмцэж байлаа. Өөрийгөө аварч байж л би бусдыг аварч чадна шүү дээ. Энэ халдварыг авсан өвчтөн хүний хувиар, эмч хүний хувиар зөвлөхөд:
1. Өвдсөн бол сайн унтаж амар, ус ихээр уу, дархлаагаа сайжруул. 14 хоног тусгаарла, бусдад халдвар өгөх эрсдэлтэй.
2. Хэрэв нууц үеийн шинж тэмдэг илэрсэн юм уу, халуурсан бол эмнэлэгт очоод эмч сувилагчид заавал хэлээрэй. Эс бөгөөс өвчин тархах эрсдлээс гадна танд өөр онош тавьж хугацаа алдаж улмаар таныг аврах боломж багасах эрсдэлтэй .
3. Зүрх, уушги, бөөр зэрэг цуллаг эрхтэн өвдөөгүй, харахад илт амьсгалахад хүнд байгаа биш , зөвхөн халуурч, тамир тэнхээ муудах, ханиалгах, суулгаж байвал гадагш гаралгүй гэртээ тусгаарлаж эмчлээрэй. Эмнэлэгт очвол халдвар нэмж авах эрсдэлтэй.
4. Амар. Шим тэжээлтэй хоол идэж ус их уу. Энэ хамгийн чухал. Биеийн дархлаагаа сайжруул.
5. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж их инээж баяс.
6. Чи эмч учраас хурдан эдгэжээ гэж хэлэх өвчтөн гарч магадгүй. Өвчин хэнийг ч ялгадаггүй. Хамгийн гол нь өөрийгөө анхаарч, шинж тэмдгийг даамжруулж өвчнийг хүндрүүлэхгүйн тулд дээрх аргуудыг хэрэглэн өөрийгөө тусгаарлаж эмчлэх юм бол халдвар тараагч болохгүй нийгэм, улс орондоо тусалж чадна.
Эх сурвалж: 周 医说 (ID:zhouyi_shuo)
Орчуулсан:Д.Ундрах