Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгос улс Хятад улсаас 700 иргэнээ шилжүүлэн авчирч, Жинчён хотод түр хугацааны карантин бүс тогтоож байршуулахаар болсон нь орон нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэж, иргэд цагдаа нартай мөргөлдсөн байна. Сөүл хотоос урагш ердөө 80 километрийн зайтай байдаг Жинчён, Асан зэрэг хотуудад карантины бүс тогтоож, халдварын голомтоос иргэдийг аваачин байршуулах гэж байгааг эсэргүүцэж буй иргэдийн тоо ч нэмэгджээ. Засгийн газар эгүүлэн авчирсан иргэдээ тусгайлан байршуулж, хамгийн багадаа 2 долоо хоногийн хугацаанд тусгаарлаж, байршуулна хэмээн тайлбарласан ч иргэд маш ихээр дургүйцэж байна.

Ийнхүү Өмнөд Солонгос улс нь Ухань хотоос 700 иргэнээ 4 нислэгээр тээвэрлэн авчрах шийдвэр нь дотооддоо эсэргүүцэлтэй тулгарч, түр хойшлоод байна. Болж буй үйл явдалтай холбогдуулан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин ард иргэдээ тайвшруулан мэдэгдэл хийхдээ “Шинэ төрлийн коронавирусаас биднийг хамгаалах хамгийн том зэвсэг бол итгэл, итгэлцэл, хамтын ажиллагаа болохоос хий айдас, хиймэл түгшүүр биш юм. Хуурамч мэдээллүүд иргэдийг ихээхэн төөрөгдүүлж, үл ойлголцол үүсч байна” гэжээ.

Д.Жаргалсайхан

 

Таны сурталчилгаа