Хятадад шинэ төрлийн титэм вирус дэгдсэнтэй холбоотойгоор амны хаалтны эрэлт эрс нэмэгджээ. Харин энэхүү нөхцөл байдлаас ашиг хонжоо хайсан Бээжингийн нэгэн эмийн санг гурван сая юань буюу 132,9 сая орчим төгрөг хэмжээний мөнгөөр торгосон байна.
Синхуа агентлагийн мэдээлснээр, Бээжин хотын Фэнтай дүүрэг дэх Jimin Kangtai эмийн сангийн салбар дээр амны хаалтыг бусад газруудаас зургаа дахин үнэтэйгээр зарж байгааг Хятадын зах зээлийн хяналт, зохицуулалтын газрын байцаагчид илрүүлэн, ийнхүү торгууль ноогдуулсан байна.
Бээжингийн эрх баригчид нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хотын эмийн сан, супермаркетуудад худалдаалагдаж буй эм бэлдмэл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн болон хамгаалах хэрэгслүүдийн үнийг шалгаж эхэлсэн. Шалгалтын ажиллагаа эхэлснээс хойш үнийн бодлого зөрчсөн захиргааны 30 гаруй хэрэг үүсгэжээ.