Цаг үеийн мэдээ

    Лос Анжелес хотын иргэд, шүтэн бишрэгчид, домогт тамирчны 8, 24 дугаартай өмсгөлийг өмсөж, “Staples” ордны гадаа цуглан, гашуудсаар байна.

Тэрээр зодог тайлсан эхний өдрөөсөө л бичиж бүтээх ажилдаа шуударч, уран бүтээлийн ажилд ханцуй шамлан, кино хийх зорилгоор өөрийн гэсэн студи байгуулаад байжээ. Мөн “Мамба спорт академи” хэмээх асар том спорт байгууламж барьж, спортын бүх төрлийн дугуйлан секц хичээллүүлж, хүүхэд залуус, ирээдүйн тамирчдыг бэлтгэх үйлст гар бие оролцож байж. Энэ л спорт байгууламж руугаа охиноо тэмцээнд хүргэж явах замдаа осолдсон юм.

Түүний цаг бусын харамсалтай үхэлд дэлхий даяар эмгэнэн гашуудаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама:

-  ”Коби талбай дээрээ домог байсаан. Зодог тайлснаасаа хойш хийж эхэлсэн зүйлс нь мөн адил гайхалтай, утга учраар дүүрэн байсныг дурсахад бахархалтай байна. Жианнаг алдсан явдал эцэг эх болсон бидний хувьд хамгийн хүнд байна. Мишель бид хоёр бүхий л залбирал, хайраа энэхүү харуусалт өдөр Ванесса болон Брайнтын гэр бүлд илгээж байна.” гэжээ.

Майкл Жордан:

- “Коби болон түүний охины тухай сонсоод цочролд орж, уй гашуугаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Коби миний хувьд дүү шиг минь л дотны хүн, түүнд би маш их хайртай байлаа. Бид ойр ойрхон ярилцдаг байсан. Түүнтэй ярилцаж суудаг халуун дотно яриануудаа ихэд үгүйлэх болно. Коби сагсан бөмбөгийн хамгийн агуу тоглогчдын нэг, хүчтэй өрсөлдөгч байлаа. Мөн тэр гэр бүлээ хайрлан хамгаалагч, гайхалтай сайн аав байсан. Охин нь түүний замаар замнаж, сагсан бөмбөгт дурласанд тэр хязгааргүй бахархаж байсан. Эхнэр бид хоёр Ванесса болон Лэйкерсийнхэн, дэлхий даяарх Кобигийн фэнүүдэд гүн гүнзгий эмгэнэл илэрхийлж байна. ”

Леброн Жеймс:

- "Найз минь, би энд чамд зориулан сэтгэлээ уудлан бичихийг хичээвч, хичээх тусам улам хэцүү санагдаад, чамайг, Жижигээ, бидний дунд байсан ах дүүгийн харилцаагаа, нөхөрлөл, хүндэтгэлээ бодохоор нулимс урсаад хэцүү байна" .

Л.Месси:

“Хэлэх үг алга. Кобигийн гэр бүл найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Тантай уулзах нэр төрийн хэрэг байсан шүү. Гоц ухаантнууд цөөхөн, тэдний нэг нь Коби юм шүү.”

Криштиану Роналду:

“Коби болон түүний охин Жианнагийн тухай энэ аймшигт мэдээг сонсоход маш их гунигтай байна. Коби бол маш олон хүнд урам зориг болж амьдарсан жинхэнэ домог. Түүний гэр бүл, найз нөхөд мөн ослын улмаас эндсэн бусад хүмүүсийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье”.

Таны сурталчилгаа